ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ ЦУВРАЛ 3- “ТАЛЫН АЙЛ”


Хүн бүрд урлагийг ойртуулах зорилгын хүрээнд IKON.MN шинэхэн урлагийн булангийнхаа эхний нийтлэлээр Монголын уран зургийн хосгүй үнэт таван бүтээлийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн танилцуулах бүтээл бол зураач Н.Цүлтэмийн 1955 онд зурсан "Талын айл" бүтээл юм.

Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой тул та текст унших бол тайлбарын дууг зогсоож болно. Эсвэл тайлбарыг нь сонсонгоо зургаа ажиглаарай. 🔉🎧


Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️

"Талын айл" 1955 он

Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэм /1924-2001 он/
Зотон, тосон будаг 79х159 см


ЗУРГИЙН ТҮҮХ:
Н.Цүлтэм зураач нь Монголын дүрслэх урлагт том үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ алдартай. Тэрбээр Урчуудын эвлэлийн захирал байсан ба уран бүтээлчдийг дэмжиж, Монголын дүрслэх урлагийг мэргэжлийн түвшинд аваачих гэж олон ажлыг хийж байсан. Монгол зураг гэх нэр томьёог Б.Ринчен гуайтай нийлж томьёолсон зэрэг урлаг судлалын талаас дүрслэх урлагт олон боломжуудыг нээж өгсөн байдаг.

Талын айл зургийг зурсан түүх нь нэгэн өдөр зураач хөдөө явж байтал машиных нь дугуй хагарч, дугуйгаа засаж байх явцдаа дээшээ харсан тэр байгалийнхаа өнгө төрхөө зурсан гэж ярьдаг. Иймд уг зураг нь нэлээд доороос харсан өнцгөөр зурагджээ.

00:00 00:00

ЗОХИОМЖ БОЛОН ОНЦЛОГ:
Зураач өөрийнхөө харж байсан өнцгөөсөө тэмээ, гэр, машин, хязгааргүй харагдах үүлс, хөхрөн харагдах уулсаар дамжуулан энэ бүтээлд европын уран зургийн алслалтын онолыг чадмаг гаргаснаараа Монголын уран зурагт тодоор тэмдэглэгддэг юм.
Мөн арванхоёрхон өнгө байдгийг зураач өөрөө хольж өнгө тавьдаг. Чийгтэй, хуурай орчин болон зураачийн мэдрэмжээс шалтгаалж өнгөнүүд өөр өөр гардаг. Энэ бүтээлд бодит өнгийг гаргаж ирж чадсан учраас талын айлын уур амьсгалыг өгч, жинхэнээсээ тухайн талын айлд очсон мэт эсвэл гэрэл зураг шиг харагдах нь ч бий.

00:00 00:00
Тал нутгаар таанын үнэр түгж, газрын уудмаар бялхсан эгэл монгол айлын амьдралыг илэрхийлэхдээ сүүдэр дэвссэн их талд таваараа идээшлэх хоёр тэмээг зохиомжийн төв болгон, задгай орчин дахь гэрэл агаараас улбаалан олон янзаар хувьсдагийг хүйтэн, дулаан өнгөөр ялгаруулан тэмдэглэжээ.
Амьд агаарлаг бөгөөд чадварлаг бичилт бүхий бүтээлээр зураач Ням-Осорын Цүлтэм 1958 онд Төрийн шагнал хүртжээ.
Уг бүтээлийн талаар олон судлаачид өөрийн саналыг дэвшүүлсний дотор урлаг судлаач, доктор Ц.Эрдэнэцог "Зураач Н.Цүлтэмийн "Талын айл" бүтээлийн өнгө зохицлын найрлагыг үзсэн хэнд ч үндэсний урлагийн шимт хөрсөнд боловсорсон өнгө зохицохуй ёсны увдис эрдмийг чамбай эзэмшсэний үр хөврөл, нүд хужирлам мөнхийн газар шороо, эх нутгийн өнгө үзэмжийг өнгийн аялгуун гоо үзэсгэлэнт зохицлоор үзүүлэхийн үлгэр болон үлджээ" хэмээн тэмдэглэсэн байдаг. (Ц.Эрдэнэцог, ХХ зууны Монголын уран зургийн өнгө зохицол, 21, 2006).
00:00 00:00
Тус дэглэлт нь хосгүй үнэт зураг бүрийн хажуу дахь QR код руу “AR Mongolia” аппликэйшний уншигчийг чиглүүлэхэд харагдах ба хүүхдэдээ урлагийн боловсрол олгохоор галерейд ирсэн бол заавал үзүүлээрэй.
Уран зураг удаан ажиглах нь хүний биед серотонин, допамины ялгарлыг нэмэгдүүлж, тархинд “аз жаргалын” дохио өгдөг. Ингэснээр оюун ухаан тайвширч, сэтгэл санаа тэнцвэржин, бүтээлч сэтгэлгээ идэвхэждэг билээ. "Ажлын дараа" хэмээх хосгүй үнэт уран зургийн нарийн ширийнийг ажин харж тархиа амраан бүтээлч сэтгэлгээгээ идэвхжүүлээрэй.


Хамтран ажилласан: Монголын Уран Зургийн Галерей
Тайлбарыг: Уран Зургийн галерейн сан хөмрөгч, урлаг судлаач Б. Мөнгөнчимэг
Гэрэл зургийг: MPA.MN Т.Анар
Нийтлэлийг: IKON.MN М.Батчимэг