Зураг
Зураг

ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ ЦУВРАЛ 4-"В.И.Ленин" 1922 он


Хүн бүрд урлагийг ойртуулах зорилгын хүрээнд IKON.MN шинэхэн урлагийн булангийнхаа эхний нийтлэлээр Монголын уран зургийн хосгүй үнэт таван бүтээлийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн танилцуулах бүтээл бол зураач Б.Шаравын 1922 онд зурсан "В.И.Ленин" бүтээл юм.

Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой тул та текст унших бол тайлбарын дууг зогсоож болно. Эсвэл тайлбарыг нь сонсонгоо зургаа ажиглаарай. 🔉🎧


Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️

"В.И.Ленин" 1922 он

20-р зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, олноо "Марзан" хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шарав (1869-1939 он)
Даавуу, гуаш, 96х151.5 см


ЗУРГИЙН ТҮҮХ:
Ардын хувьсгалын дараахан буюу 1922 онд бүтээгдсэн Балдуугийн Шаравын "В.И.Ленин" хөрөг зураг нь Монголын уран зургийн галерейн хамгийн эртний буюу 103 жил хадгалагдаж буй үзмэр болно. Олноо "Марзан" хэмээн алдаршсан Б.Шарав зураачийг "Монголын нэг өдөр" зургаар нь хүмүүс сайн мэддэг билээ. "Өглөө" кино дээр энэхүү зургийг зурах захиалгыг өгч буй тухай түүх гардаг байна.

Тэрбээр чөлөөт сэдвээр ёс бэлгэдлийн хэв шинжтэй зурах чадвараараа тухайн үеийн зураачдаас товойн ялгарч, хувьсгалын үзэл санааг үндэсний агуулгаар баяжуулан дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн тус зургийг бүтээсэн нь үзэл суртлын он жилүүдийн түүхэн гэрч болон үлджээ.

00:00 00:00

Өнгө, дүрс бүр нь бэлгэдлийн чанартай байдаг


ЗОХИОМЖ:
Энэхүү зургийн өнгө, дүрс бүр нь бэлгэдлийн чанартай байдаг. Гүн хөх өнгө дээр дэлхийг зурсан нь Лениний үзэл санаа дэлхийд түгнэ гэдгийг харуулсан бол хоёр улаан туг нь Монгол, Оросын хувьсгалыг илэрхийлсэн байдаг. Таван хошуу дээр дорнын бэлгэдэл болох арга билгийг зурсан нь эв нэгдлийг илэрхийлсэн. Бадамлянхуа цэцэг нь бурхан шашны шүтээн зурагт түлхүү зурагддаг. Мөн шаварт хүртэл дэлбээлдэг тус цэцгийг зурсан нь нийгэмд сайн сайхныг авчирна зэрэг олон бэлгэдлийг шингээсэн байдаг.

00:00 00:00

ОНЦЛОГ:
Энэхүү зурагт дорнын ард түмний бэлгэдлийн утга агуулга, бурхан урлалын арга ухаанаар баяжигдсан монгол зургийн уран сайхны хэв маяг, европ уран зургийн алслалт, гэрэл сүүдрийн онолыг хослуулснаар орчин цагийн уран зургийн түүхэнд реализмын шавыг тавилцсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг.

00:00 00:00

Монголын дүрслэх урлагт реалист зургийн суурийг тавьсан


ОНЦЛОГ:
Уг бүтээлийг Лениний Ази тивд бүтээгдсэн анхны хөрөг хэмээн зарим судлаачид үздэг. Түүнчлэн Б.Шарав зураач Ленин гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, сонин дээрээс харсан дүрслэлээрээ зурсан байдаг нь түүний зурах ур чадвар маш сайн байсныг харуулдаг.

Мөн тухайн үед Монголд өрнийн хувцасны соёл, ойлголт байхгүй байсныг зангиа, цамцны зах, хослолыг ерөнхийд нь дүрсэлсэн байгаагаас харж болно. Уг бүтээлээс хойш Монголын дүрслэх урлагт Ленин болоод улс хувьсгалын сэдэв зонхилж, реалист урлагийн замналаар хөгжих болсон юм.

00:00 00:00
00:00 00:00
Тус дэглэлт нь хосгүй үнэт зураг бүрийн хажуу дахь QR код руу “AR Mongolia” аппликэйшний уншигчийг чиглүүлэхэд харагдах ба хүүхдэдээ урлагийн боловсрол олгохоор галерейд ирсэн бол заавал үзүүлээрэй.
Уран зураг удаан ажиглах нь хүний биед серотонин, допамины ялгарлыг нэмэгдүүлж, тархинд “аз жаргалын” дохио өгдөг. Ингэснээр оюун ухаан тайвширч, сэтгэл санаа тэнцвэржин, бүтээлч сэтгэлгээ идэвхэждэг билээ. "В.И.Ленин" хэмээх хосгүй үнэт уран зургийн нарийн ширийнийг ажин харж тархиа амраан бүтээлч сэтгэлгээгээ идэвхжүүлээрэй.


Хамтран ажилласан: Монголын Уран Зургийн Галерей
Тайлбарыг: Уран Зургийн галерейн сан хөмрөгч, урлаг судлаач Б. Мөнгөнчимэг
Гэрэл зургийг: MPA.MN Т.Анар
Арын ая: БНМАУ-ын Филармонийн Симфони Найрал Хөгжим "Мөнхийн Ленин" хэсгээс ашиглав. Нийтлэлийг: IKON.MN М.Батчимэг