Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй АНУ-ын албан ёсны бичиг баримтуудад Персийн булангийн нэрийг Арабын булан хэмээн өөрчилж хэрэглэдэг болох шийдвэр зарлах гэж байгааг уг асуудалд ойр ажилладаг Вашингтоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Тэрбээр ирэх долоо хоногт Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улсуудад айлчлах үеэрээ энэ шийдвэрийг зарлаж магадгүй юм байна.
Энэ мэдээллийн мөрөөр сэтгүүлчид тодруулахад Дональд Трамп “Айлчлалын үеэр тэд надаас ингэхийг хүсвэл би шийдвэрээ гаргах хэрэгтэй болно. Би хэн нэгний сэтгэлийг гонсойлгохыг хүсэхгүй” гэж хариулжээ.
Арабын орнууд олон жилийн өмнөөс Ираны өмнөд эргийн тэнгисийн хэсгийн нэрийг өөрчлөх хүсэл сонирхлоо илэрхийлсээр байжээ.
Ираны гадаад хэргийн сайд ийм алхам хийвэл “Иран, АНУ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа нийгмийн бүх давхарга, улс төрийн янз бүрийн үзэл баримтлалтай иранчуудын уур хилэнг бадраахыг” анхааруулсан байна.
“Персийн булан бол олон зууны түүхтэй, газар зүйчид, олон улсын байгууллагуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн, тэр ч байтугай 1960-аад оныг хүртэл бүс нутгийн бүх удирдагчдын албан ёсны харилцаандаа хэрэглэж ирсэн нэр болохыг АНУ-ын ерөнхийлөгч мэдэж байгаа гэдэгт итгэж байна” гэж Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи сошиал хуудсандаа бичжээ.
Ингэхдээ тэр бас улс төрийн зорилгоор түүхэн газар орны нэрийг өөрчлөх оролдлогыг эрс буруушааж байгаагаа мэдэгдсэн байна.
Трамп энэ оны эхээр Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгох шийдвэр гаргаж байв.
Одоо Конгресс дахь Бүгд Найрамдах намын бүлэг энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг хичээж байгаа ч зарим шатанд эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!