Ж.Мэндбаяр: Гурван шатны шүүхээр "Глоб"-ын хөрөнгийг үнэлсэн комиссын шийдвэр хүчингүй болсон. Тиймээс бид төрөөс ₮50 тэрбумыг нэхэмжилж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Глоб Кредит" хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-г үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хоршооныхоо хохирогчдын хамт төрөөс ₮50 тэрбум нэхэмжилж байгаа талаар хэвлэлд хандсан юм.

Түүнийг иргэдээс их хэмжээний мөнгө залилсан, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн хэмээн 2007 онд 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг ногдуулж байв. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хорих газраас суллагдсан.

Шоронгоос суллагдсаныхаа дараа түүний нэр дээр байсан битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үрэгдүүлсэн талаар олон нийтэд мэдээлж байжээ.

Энэ талаар Ж.Мэндбаяр "Сүүлийн өдрүүдэд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Баярмаа руу хандсан мэдээлэл их явж байна. Үүнд тухайн гишүүний улс төрийн асуудлыг нь бус төрсөн ах Ж.Мэндбаяр болон "Глоб Кредит" ХЗХ-ны хохирогчдын талаар нэлээн сөхөгдөж байгаа тул хэвлэлийнхэнд хандлаа.

Би гурван дүүтэй айлын том нь. Ж.Баярмаа бол миний хамгийн бага дүү. Дүүгийн маань асуултад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үзүүлсэн хариу үйлдлийн талаар хэд хоног ярилаа. Үүнд ахынх нь хувьд санаа зовж суулаа. 

Үүний маргаашаас л хоршооны тухай асуудлыг хутгаад оруулаад ирэхээр нь яах ёстой юм бол доо гэж гайхаж байна. Ж.Баярмаатай би цагаан сараас хойш уулзаагүй. Утсаар ч ярих завгүй яваад байдаг.

Хэд хоногийн өмнө Х.Оюунцэцэг гэдэг хүн рүү манай хоршооны хохирогч ноцтой баримт явуулсан гэж яриад байгаа. Энэ хүний ярьснаар бол "Глоб"-ын нуугдмал хөрөнгийг Ж.Баярмаа гэдэг хүн өөрийнхөө эзэмшдэг хөрөнгөөр төлөхгүй, ахынхаа болон бусад хоршоодын хохирогчдын төлөө явахгүй байгаа тул ёсзүйн хариуцлага тооцуулахаар Ардчилсан Нам (АН)-аас шаардаад суулт зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Яг үнэндээ бол би суулт байтугай өлсгөлөн зарлах ёстой хүн.

Хоёрдугаарт намайг 2006 оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Баасан гарагт баривчлагдсанаас хойш яг 19 жил болж байна. Энэ үеэр эрүүгийн хэрэг үүсгээд миний нэр дээр байсан болон хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгийг битүүмжилсэн.

Тухайн үед Нийслэлийн Засаг Дарга "Глоб"-ын хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээний комисс байгуулж байв. Манай хоршоонд нийслэлтэй холбоотой нэг ч эд хөрөнгө байгаагүй. Гэтэл ийм албан бичиг явуулаад комисс байгуулсан. Энэ бүгдийг би хоригдож гарч ирээд шалгаад үзэхэд манай хөрөнгийг үнэлсэн комисст тухайн үеийн Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга хүртэл байсан байх жишээтэй.

Манай хоршоонд нэг ч мал байгаагүй. Энэ хүн тэнд юуг үнэлсэн бэ гэдэг гэх мэтээр олон асуудал бий.

Нийт 1,462 нэр төрлийн 30,000 эд хөрөнгийг үнэлсэн. Үнэлгээний комисс эдгээр хөрөнгийг ₮4.3 тэрбум гэж үзсэн байдаг юм. Шүүх энэ үнэлгээг дүгнэж надад ял оноосон. Нийт хохирлын тоог ₮11.8 тэрбум гэж үзсэн юм. Ингээд ₮4.3 тэрбумын хөрөнгөтэй юм байна. Үлдсэн мөнгийг нь энэ нөхөр аваад идчихсэн гэж үзсэн учраас ял өгсөн. 

Мөн хавтас хэрэгт Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвийн шинжээчийн дүгнэлт бий. Тэр үед ашиглаж байсан данс, тооцоог гаргаж ирсэн. Хаанаасаа нуугдмал хөрөнгө гаргаж ирээд олонд зарлаад яваад байдаг юм.

Эцэст нь энэ бүхнийг үндэслээд гурван шатны шүүхийн шийдвэр гараад надад ял оноогоод дууссан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнээс хойш 2015 онд би шоронгоос суллагдаж гарч ирээд хөрөнгө үнэлсэн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа хотын захирагч комисс томилж, "Глоб"-ын хөрөнгийг үнэлэх боломжгүй гэдэг агуулгаар гомдол гаргасан.

Ингэхдээ дээр дурдсан олон эд хөрөнгөөс тавыг нь сонгоод нөхөн үнэлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхээс хөрөнгийг дахин үнэлүүлэхээр шинжээч томилсон. Үүний дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван сарын турш ажиллаад дүгнэлтээ танилцуулсан байдаг.

Уг дүгнэлтээр хөрөнгийг битүүмжилж байх үеийн ханшаар дээрх таван хөрөнгө ₮9.2 тэрбум болохыг тогтоосон. Тодруулж хэлбэл хотын даргын томилсон комисс нийт хөрөнгийг ₮4.3 тэрбум гэж үзсэнээс даруй хоёр дахин өндөр үнэлгээтэй болохыг мэдэж авсан. Дээрх эд хөрөнгө 2015 оны ханшаар бол ₮21 тэрбумын үнэлгээтэй болохыг тогтоож өгсөн.

Үүний цаана үнэлгээг нь нөхөж хийлгээгүй эд хөрөнгө ч олон бий. Эдгээрийг өнөөдрийн ханшаар тооцвол ₮50, ₮60 тэрбумд хүрнэ.  

Ингээд захиргааны хэргийн шүүхээр "Глоб"-ын хөрөнгийг үнэлсэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын томилсон комиссын үнэлгээг хүчингүйд тооцсон. Ингэснээр эрхзүйн чадамжгүй болсон. 

Одоо бид иргэний шүүхэд хандахаар төлөвлөж байгаа. Иргэний шүүх эдгээр шийдвэрийг үндэслээд "Глоб" хоршоонд хэдэн төгрөгийн хохирлыг тогтоож өгнө. Хохирогчид болон миний бие удахгүй төрөөс ₮50 тэрбумыг нэхэмжлэхээр шүүхэд хандах юм" гэв.

"ХЗХ бус төр буруутай гээд тэмцэж явсан хүн өнөөдөр эсрэг юм яриад сууж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Глоб Хамтын Нийгэмлэг" хохирогчдын төрийн бус байгууллагын захирал н.Алтантуяа "Х.Оюунцэцэг эгч бид хэд хадгаламж зээлийн хоршооны асуудлаар анхнаас нь тэмцэж явсан улс. Үүний үр дүнд хоёр ч удаа УИХ-аар хууль батлуулж, түүний хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байсан хүмүүс. Харин одоо бүх хадгаламж зээлийн хоршоо Жудагийн Мэндбаяр гэдэг хүнээс болоод хохирсон юм шиг, энэ хүнээс болоод хадгаламж зээлийн хоршооны дампуурал эхэлсэн юм шиг ярьж байна.

Яг "Глоб Кредит" ХЗХ-ны хувьд Х.Оюунцэцэг эгч ийм юм ярих эрхгүй. Бид нар 2014 онд Н.Алтанхуяг ерөнхий сайд байх үед Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэгт Х.Оюунцэцэг эгч орсон. Тухайн үед төр хувааж авсан хөрөнгөө хэрхэн яаж зарцуулсан талаар бүгдийг нь шалгахад Ж.Мэндбаярын ₮9.8 тэрбумаар үнэлэгдэж байсан хөрөнгө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирэхдээ ₮2.2 тэрбум л дансанд цуглуулж байсныг тогтоосон.

Энэ бүхнийг Х.Оюунцэцэг эгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ж.Мэндбаяр шоронд орсон ч хохирогчидтойгоо үргэлж хамт байсан. Тийм ч учраас түүнийг хориулахгүй гээд хохирогчид нийлээд гурван ч удаа батлан даалтаар авах хүсэлт гаргаж байсан юм.

Харин Х.Оюунцэцэг эгчийн ярьснаар бол тухайн үед Ж.Мэндбаярыг "ал, дүүжил" гээд бараг шүүгч нарыг нь зодох шахуу юм болж байсан юм байх. Ийм бодит үнэнээс тэс ондоо зүйлийг ярьж болохгүй. Хадгаламж зээлийн хоршооны дампууралд төр буруутай гээд тэмцэж, хоёр ч удаа хууль батлуулахад оролцсон хүн өнөөдөр энэ бүхний буруутан нь Ж.Мэндбаяр, түүний дүү УИХ-ын гишүүн Ж.Баярмаа юм гээд яриад сууж байгаа нь бидний уур, бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна.
Үнэхээр энэ хүний яс нь хавталзаад байгаа юм бол нийт 26 хоршооныхоо асуудлыг ярихгүй яагаад ганцхан "Глоб"-ыг сугалж аваад яриад байгаа юм бэ?

Тухайн үед Ж.Мэндбаяр болон түүний хамаарал бүхий бүх хүмүүсийн хөрөнгийг төр хурааж авсан. Х.Оюунцэцэг эгч улс төрийн ямар нэгэн тоглолт хийж байгаа бол зөвхөн Ж.Баярмаа гэдэг хүнтэйгээ л ярих юмаа ярь. "Глоб"-ын хохирогчдыг битгий бамбай болго. Та манай хоршооны хохирогч биш. Гишүүн ч биш" гэлээ.