Трампын засаг захиргаа АНУ-ын тагнуулын байгууллагуудад Гринланд арлынхны тусгаар тогтнолын хөдөлгөөн болон тус арлын эрдэс баялгийн талаар мэдээлэл цуглуулах даалгавар өгсөн тухай мэдээ өчигдөр “The Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн юм.
Дани улсын гадаад хэргийн сайд энэ мэдээллийн мөрөөр тус улсад суугаа АНУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэх гэж байгаагаа мэдэгджээ.
“Энэ мэдээ миний санааг их зовоож байна. Учир нь бид найз нөхдөө тагнадаггүй” гэж сайд Ларс Локке Расмуссен хэлсэн юм.
Нөгөө талд АНУ-ын Үндэсний Тагнуулын Газрын захирал Талси Габбард нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулж, улс төржүүлэх замаар ерөнхийлөгч Трампыг “хорлохыг завдлаа” хэмээн мэдээг тараасан эх сурвалжийг шүүмжилжээ.
Гэхдээ тэр тараасан мэдээллийг нь үгүйсгээгүй юм.
“Бид АНУ-ын элчин сайдын үүрэг гүйцэтгэгчийг гадаад хэргийн яаманд дуудаж, энэ мэдээлэл үнэн эсэх талаар ярилцах болно. Энэ талаар ам нээсэн хүмүүс мэдээллийг үгүйсгэхгүй байгаа нь миний санааг зовоож байна” гэж Варшавт болж буй Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ Расмуссен сэтгүүлчдэд мэдээлжээ.
Дани улсын Аюулгүй Байдал, Тагнуулын Алба сонины мэдээний талаар байр суурь илэрхийлэхээс татгалзсан ч Гринланд арлыг сонирхох сонирхол дэлхий даяар нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ерөнхийлөгч Трамп дэлхийн хамгийн том арал Гринландыг АНУ-д нэгтгэх хүсэл сонирхлоо эртнээс илэрхийлж байгаа.
Хамгийн сүүлд тэр Ням гарагт NBC News сувгаар ярихдаа Гринландыг цэрэг, зэвсгийн хүчээр нэгтгэх хувилбарыг үгүйсгээгүй юм.
“Би үүнийг хийнэ гэж хэлж чадахгүй, гэхдээ би юуг ч үгүйсгэхгүй. Бидэнд Гринланд маш их хэрэгтэй. Гринланд маш цөөхөн хүн амтай. Бид тэдэнд санаа тавьж, халамжлах болно. Гэхдээ энэ арал олон улсын аюулгүй байдлын үүднээс бидэнд хэрэгтэй” гэж Трамп хэлж байв.
Албан тушаалаасаа бууснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө Жо Байден өчигдөр Панамын сувгийг эзлэх, Гринландыг нэгтгэх, Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох зэрэг Трампын түрэмгий санаархлыг буруушаасан байна.
“Энд юу болоод байгаа юм бэ? Ямар ерөнхийлөгч ингэж ярьдаг байсан юм бэ? Бид хэзээ ч ингэж байгаагүй. Бид бусдыг эзлэх тухай биш, эрх чөлөө, ардчилал, боломжийн талаар л ярьдаг” гэж Байден энэ үеэр хэлжээ.
Дэлхийн хамгийн том аралд тооцогддог Гринланд одоо Дани улсын захиргаанд өөртөө засах эрхтэй оршдог. Тус арал сүүлийн 300 орчим жил Данийн мэдэлд байгаа юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ арлын хойд эрэгт АНУ цэргийн баазаа байгуулж байсан. Сүүлийн жилүүдэд арлын эрдэс баялгийн нөөц, газар зүйн чухал байрлал олон улсын анхаарлыг татах болсон юм.
Гринланд арлын 57,000 орчим оршин суугчийн дийлэнх хэсэг урт хугацаандаа Дани улсаас салж, тусгаар тогтнолоо зарлах хүсэлтэй байгааг сүүлийн үеийн санал асуулгууд харуулдаг.
Харин АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг ихэнх нь хүсэхгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!