Уншиж байна ...

Францын "ПСЖ" хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн шигшээд шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Европын Хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хагас шигшээд Францын "ПСЖ", Английн "Арсенал" өрсөлдлөө. Өнгөрсөн долоо хоногт Лондонд болсон эхний тоглолтод зочин баг өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авсан юм.

Тэгвэл хариу тоглолтод Парис хотын баг талбайдаа 2:1-ээр илүүрхэв. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Францын баг өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, 2020 оноос хойш хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн шигшээд тунаж үлдлээ.

Францчууд түүхэндээ анх удаа финалд шалгарахдаа Германы "Байерн Мюнхен"-д 0:1-ээр дийлдсэн удаатай. Тэр үед тус багийн ахлагч Тиаго Сильва, Кильян Мбаппе, Неймар, Анхель Ди Мариа нарын одод талбайд байсан ч Португалд цом өргөж чадаагүй юм.

Харин одоо дээр нэр дурдсан тоглогчдоос нэг нь ч алга. Гараанд гарч байсан тоглогчдоос бразил хагас хамгаалагч Маркиньос, франц хамгаалагч Преснель Кимпембе нар л үлджээ.

зураг
 

Эхний даалгавраа амжилттай гүйцэтгэж, айлын талбайгаас гурван оноо "халаасалсан" Францын аваргууд талбай дээрээ гоолын салхийг хагалав. Тоглолтын 27 дахь минутад испани хаалгач Давид Райягийн хаалгыг нутаг нэгт Фабиан Руис мялаасан юм. 

Улмаар тоглолтын 72 дахь минутад Ашраф Хакими тооны харьцааг холдуулснаар ялалтаа баталгаажуулав. Үүнээс дөрвөн минутын дараа "Арсенал"-ын Букайо Сака нэр төрийн ганц гоол орууллаа.

Энэ жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт тавдугаар сарын 31-нд Германд болох юм. Цомын төлөө Италийн "Интер Милан", Францын "ПСЖ" баг хүч үзнэ.

1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг