Өнгөрсөн долоо хоногт Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод Испанийн "Барселона", Италийн "Интер Милан"-тай 3:3-аар эвийн гэрээ байгуулсан.
Италид болсон хариу тоглолтод талбайн эзэд гоолын салхийг хагаллаа. Аргентин довтлогч Лаутаро Мартенис тоглолтын 23 дахь минутад эсрэг багийн хаалгыг мялаасан бол турк эр Хакан Чалханоглу торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулсан юм.
Гэвч хоёрдугаар хагаст Испанийн клуб эргэн ирсэн. Эрик Гарсиа 54, Дани Ольмо 60 дахь минутад гоол оруулснаар тоглолт "тэгээс" эхэллээ.
Улмаар Рафина 87 дахь минутад гоолдсоноор Барса илүү гарсан. Гэхдээ Каталаны багийн баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Шүүгчийн мэдлийн 90 + 3 дахь минутад хашир туршлагатай хамгаалагч Франческо Ачерби тооны харьцааг тэнцүүлэв.
Өдгөө 37 настай итали хамгаалагч Аваргуудын лигт анхны гоолоо оруулсан нь энэ. Гоолын баяраа хэтрүүлэн тэмдэглэж, "нүцгэлсэн" Ачерби овогт дүрмийн дагуу шар хуудсаар торгуулсан юм.
Ингээд нэмэлт цаг сунгалаа. Үндсэн цагийн 79 дэх минутад Хенрих Мхитаряны оронд талбайд гарсан итали довтлогч Давид Фраттези 99 дэх минутад хожлын гоолоор тоглолтын сүүлийн цэгийг хатгав.
Ингэснээр нийлбэр дүнгээр "Интер Милан" 7:6-гаар өрсөлдөгчөө буулган авч, ирэх зургаадугаар сарын 1-нд Германыг зорих тийзээ авлаа.
Өнөө шөнө Францын "ПСЖ", Английн "Арсенал" клубийн хариу тоглолт Парист болно. Эхний тоглолт Лондонд болоход зочин баг 1:0-ээр хожсон юм.
Тоглолтын тойм
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|