Жил бүрийн тавдугаар сарын 12-нд олон улсын сувилагч нарын өдөр тохиодог.
Энэ өдрийг угтан сувилагчдын эрх ашгийг хамгаалах, өсөн дэвших боломжийг нэмэгдүүлэхийг уриалан Монголын сувилагчдын нийгэмлэгээс хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус нийгэмлэг 1996 онд байгуулагдсан бөгөөд өдгөө эрүүл мэндийн салбар ажиллаж буй 14,000 сувилагчийнхаа дуу хоолойг төрд хүргэж, тулгамдсан асуудлыг шийдүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн "Сувилагч нар маань нэгдсэн хөгжлийн ордонтой байх шаардлагатай байгаа. Энэ саналыг маань Ерөнхийлөгч дэмжиж, 13 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байгаа талаар мэдээг 2023 онд бид тун талархалтай хүлээн авсан. 2024 онд үүнээс гурван тэрбум төгрөг нь тавигдсан. Тэгвэл өнөөдөр энэ сувилагч нарын байр, хөгжлийн ордон маань хаана байгаа вэ гэдгийг энэ хурлаараа дамжуулан асууя.
Сувилагч нар маань олон зөвлөгөөн, семинар, хурал битгий хий. Бодитой зүйлийг л бий болгоод өгөөч гэж байгаа юм. Боловсрол хамгийн чухал. Сувилагч нар маань хөгжих хэрэгтэй. Бид 21 аймгийн 6,000 сувилагчийнхаа саналыг УИХ-д өргөн барьсан. Мөн Ерөнхийлөгч өөрийн ивээл дор авсан. Төсөвт 13 тэрбум төгрөг нь суусан гэдгийг УИХ-аас, олон нийтийн сүлжээнээс авсан. Өнөөдөр бидний энд цугларсан шалтгаан нь энэ төсөв маань татагдах вий гэж бодож байна. Энэ бол ганц олдсон боломж. Хэзээ ч ингэж сувилагч нарт гараа сунгаж байгаагүй. У.Хүрэлсүх ерөнхийлөгч, Засгийн газар бидний саналыг хүлээж аваад гараа сунгасан. Гэтэл өнөөдөр энэ маань алга.
Саяхан Эрүүл мэндийн сайдтай уулзахдаа сувилагч нарын хөгжлийн ордны талаар асуухад ямар ч мэдээлэлгүй байна. Мөн сүүлийн жилүүдэд бидэнтэй хамтран ажиллаж буй УИХ-ын Ж.Чинбүрэнд албан бичиг хүргүүлсэн. Одоогоор бидэнд ямар ч тодорхой мэдээлэл алга" гэлээ.
Мөн нэг сувилагч 3-4 хүний ажлыг хийж байгаа өнөөгийн нөхцөлд сурч боловсрох боломж бүрдэхгүй байгааг ч хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!