Нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсролд оруулж буй музейн хувь нэмрийг онол, практикийн түвшинд хэлэлцэнэ
Монголын музейн салбар Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн 80 жилийн ой, Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна.
Хурлаар музейн салбарын нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг онол, практикийн түвшинд хэлэлцэх, олон улсын чиг хандлагатай харьцуулан үнэлэх, цаашдын бодлого, стратегид тусгах зөвлөмж боловсруулах зорилготой юм. Мөн салбарын хөгжилд дүн шинжилгээ хийж, ирээдүйн зорилго, алсын харааг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Эрдэм шинжилгээний хурал дараах үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулагдана.
Үүнд:
- Монголын музейн үзэл баримтлал, нийгмийн хариуцлага
- Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, улсын тооллого
- Тогтвортой хөгжил, боловсрол, олон нийтийн оролцоо
- Дижиталчлал, инновац, шинэ технологи
Хуралд Монгол Улсын үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй нийт 44 музейн 250 гаруй мэргэжилтэн, судлаачид оролцож, 24 илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран оролцож байна.
Зохион байгуулагч:
Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын Үндэсний музей, Олон Улсын музейн зөвлөл (ICOM)-ийн Монголын үндэсний хороо, Чингис хаан Үндэсний музей, Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Олон улсын музейн зөвлөл нь 1946 онд байгуулагдсан, дэлхийн 139 орны 60,000 гаруй музейн мэргэжилтнүүд нэгдсэн, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл, UNESCO-гийн дэргэдэх “А” ангиллын зөвлөлдөх статус бүхий олон улсын байгууллага юм. Музей нь соёлын солилцоо, ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, энх тайвныг дэмжихэд чухал үүрэгтэйг олон нийтэд таниулах зорилготой ОУМЗ-ийн гишүүн бүх улс орны музейнүүд 1977 оноос жил бүрийн 5 дугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тодорхой сэдвийн дор дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба өнгөрсөн онд 158 орны 37,000 музей хамрагдсан.
Монгол Улсын музейнүүд 2003 оноос энэ өдрийг дэлхийн бусад орны музейнүүдийн нэгэн адил тухайн жилийн уриан дор тэмдэглэж нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн.
2026 онд “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн дор нэгдэн соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, тэгш хүртээмж, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолж, ялгаатай байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх, итгэлцлийг сэргээх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх соёлын гүүр болох ач холбогдолтойг илэрхийлж буй энэхүү сэдвийг хөхиүлэн дэмжин, дэлхийн музейнүүдтэй эвлэлдэн нэгдэж энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Музей
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
