Корлеоны гэр бүлийн түүхийг өгүүлсэн шинэ “Загалмайлсан эцэг” роман 2027 онд хэвлэгдэнэ
Сүүлчийн “Загалмайлсан эцэг” кино дэлгэцэнд гарснаас хойш хэдэн арван жилийн дараа, сүүлчийн ийм нэртэй роман хэвлэгдсэнээс хойш арав гаруй жилийн дараа эмэгтэй хүний өнцгөөс анх удаа өгүүлэх Корлеоны гэр бүлийн шинэ түүх ирэх онд хэвлэгдэхээр болжээ.
Random House хэвлэлийн компани “Загалмайлсан эцэг” зохиолыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг оюуны өмчийн эзэн Марио Пюзогийн гэр бүлээс худалдан авч, нэрт зохиолч Адриана Трижианигаар шинэ роман бичүүлэхээр болсноо мэдээлсэн байна.
2027 оны намар худалдаанд гарах “Connie” нэртэй романы гол дүр нь “Загалмайлсан эцэг III” кинонд найруулагч Фрэнсис Форд Копполагийн охин дүү Талиа Ширийн бүтээсэн Корлеоны гэр бүлийн эмэгтэй гишүүний дүр байх гэнэ.
Пюзогийн гэр бүл “Загалмайлсан эцэг” романыг үргэлжлүүлэх гурав дахь зохиолд зөвшөөрөл өгсөн нь “Connie” болжээ.
Бас анх удаа эмэгтэй зохиолчид зөвшөөрөл өгсөн нь энэ юм байна.
“Конни бол өөрийг нь хэн болох, юу хийх, ямар хүндлэл хүлээхийг нэгэнт шийдсэн ертөнцөд өөрийн замыг гаргахын төлөө ажиллаж буй эмэгтэйн тухай зохиол юм” гэж Трижиани мэдэгджээ.
“Хүмүүс Дон Вито Корлеоне, Майкл Корлеоне нарыг дутуу үнэлснийхээ шанг хүртдэг. Конни Корлеоны хувьд ч бас ингэх болно” гэж тэр цааш нь хэлсэн байна.
“Загалмайлсан эцэг” кинонуудыг бүтээсэн Paramount Pictures компани шинэ зохиолын киноны эрхийг авчээ.
1969 онд “Загалмайлсан эцэг” романыг хэвлүүлсэн Марио Пюзо 1999 онд нас барсан юм. Тэр үеэс хойш түүний гэр бүлийнхэн Корлеоны дүрийг хэн өмчлөх асуудлаар Paramount Pictures компанитай маргаантай байжээ.
2012 онд тус компани Эд Фалкогийн бичсэн “Корлеоны гэр бүл” номын хэвлэлтэд шүүхээр хориг тавиулж байв.
Тухайн үед Пюзогийн гэр бүл хариу шүүхэд хандсаны эцэст талууд ном болон киноны эрхийг тус тусдаа өмчлөх тохиролцоонд хүрсэн юм.
Киноны сүүлчийн бүлэг “Загалмайлсан эцэг III” 1990 онд дэлгэцэнд гарсан. Эдгээр кинонуудад Мэрлон Брандо, Аль Пачиньо, Роберт Де Ниро, Роберт Дювал, Дайан Китон зэрэг алдартай жүжигчид тоглодог.
“Загалмайлсан эцэг” кино дэлхий даяар $400 гаруй саяыг олж, есөн Оскарын шагнал хүртсэний хоёрыг нь 1970-аад оны үед Пюзо шилдэг зохиолын төрлөөр хүртэж байв.
Өөрийн итали угсаа гарлын түүхийг “Гуталчны эхнэр” номдоо бичсэн Трижиани бол “Лучиа, Лучиа”, “Том Цаг үеийн Хатан хаан” зэрэг сая саяын борлуулалттай зохиолуудаараа алдаршсан нэгэн.
Корлеоны гэр бүлийн эмэгтэйчүүдийн түүх маш бага өгүүлэгддэг талаар харамссан утгатай эссе бичсэний дараа Пюзогийн гэр бүлийнхэн Трижианийг зохиол бичүүлэхээр сонгосныг Random House мэдээлсэн юм.
“Бид зохиолыг шинэ өнцгөөс бичих хүнийг хайж байсан юм. Вито Корлеоны дүр үнэндээ миний эмээгийн түүх дээр үндэслэснийг хэлэхэд Адриана цочирдон гайхаж байлаа. Бид өөр өөрийн гэр бүлд эмэгтэйчүүдийн хөшигний араас гүйцэтгэсэн үүргийн талаар нэлээд ярилцсан. Энэ үеэр Коннигийн тухай Адрианагийн төсөөлөл биднийг гайхшируулсан. Түүнийг энэ ажилд татан оруулсандаа би маш их баяртай байна” гэж Пюзогийн хүү Энтони Пюзо мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
