СУДАЛГАА: Оюутнуудын дунд өөрийгөө хэт өндрөөр үнэлж, ганцаараа байхыг илүүд үзэх хандлага байсан
"Оюутны ганцаардал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа"-г судлаач Н.Тунгалагтамир хийж гүйцэтгэсэн байна.
Судалгаанд 17-21 насны 170 оюутныг хамруулж, түүврийг их олонлогтой дүйцэх байдлаар сонгосон гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Оюутнуудыг судлахад "ганцаардал" нь өөрийн үнэлэмжтэй тодорхой түвшинд хамааралтай болох нь тогтоогдсон байна. Тухайлбал бусдаас өөрийгөө зориудаар тусгаарлаж, зайсхийх төрлийн ганцаардал байсан.
Өөрийгөө тусгаарлах төрлийн ганцаардал нэг, хоёрдугаар курсийн оюутнуудад давамгай илэрснийг хэлсэн юм.
Мөн тэрбээр "Сүүлийн жилүүдэд нийгэм, цаг үе хувьсан өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ганцаардал газар авч байна.
Ганцаардлын судалгааг 17-21 насны хүүхдүүдийн дунд явуулсан. Тэдний сэтгэл зүйн онцлог хэв шинж өсвөр наснаас залуу нас руу шилжих үеийг даван туулдаг.
Ганцаардал нь зөвхөн тухайн хүний бие хэв шинж, зан төлөв, авир аашнаас нь хамаарахгүйгээр нийгмийн олон хүчин зүйлээс хамааралтай. Судалгаанд хамрагдсан оюутнуудыг харахад ганцаардал нь өөрийн үнэлэмжтэй тодорхой түвшинд хамааралтай байлаа.
Ялангуяа нэгдүгээр курсийн оюутнуудын дунд ганцаардал мэдрэх түвшин маш өндөр үзүүлэлттэй гарсан.
Гэхдээ хоёр, гуравдугаар курс рүү шилжээд ирэхээр хүүхдийн ганцаардлыг мэдрэх түвшин нь харилцан адилгүй. Зарим тохиолдолд буурсан үзүүлэлттэй харагдсан.
Нөгөө талаар оюутнуудын дунд нэг нэгнийгээ ялгаварлах, шоовдорлох, гадуурхах үзэгдэл илэрсэн. Энэ нь хүүхдүүдийн "би үнэлэмж" буюу өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой. Мөн асуудлыг оновчтой тодорхойлох залууст чиглэсэн үйл ажиллагаа дутмагаас үүдэн нэгнийгээ ялгаварлан гадуурхах үйл явц давамгайлж байна.
Ганцаардал нь зөвхөн бие хүнээс хамаарахгүй. Энэ нь нийгмээс хамааралтай. Сүүлийн жилүүдэд сошиал медиа хөгжсөнөөр оюутан залуус маань амьд харилцаа үүсгэхгүйгээр хоорондоо цахим хаягаар харилцаж байна.
Мөн оюутнууд ChatGPT сэтгэл зүйчтэй болцгоосон нь ганцаардалд давхар нөлөөлж байсан. Өөрөөр хэлбэл амьд харилцаагүй болгож байна"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
