Б.Золтуяа: Мега төслүүдийг хянан шалгах ажлын хэсэгт Нийслэлийн аудитын газар орж болохгүй
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, байгаль орчны нөлөөлөл, үр өгөөжийг хянан шалгах ажлын хэсэг байгуулахаар болов.
Энэ тухай НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Миний бие НИТХ-ын даргаар сонгогдохдоо Туулын хурдны зам болон мега төслүүдийг хянан шалгах ажлын хэсэг байгуулахаа албан ёсоор илэрхийлсэн. Төслийн байгаль орчны нөлөөлөл, үнэ өртөг, үр өгөөжийг нягтлан шалгахыг иргэд шаардаж байна. Хотын бүтээн байгуулалтын талаар иргэд мэдэх эрхтэй. Ил тод, нээлттэй байх тусам эргэлзээ бус итгэлцэл үүсэж эрүүл хот болно гэж бодож байна.
Мега төслүүдийг шалгах Ажлын хэсэгт оруулах төлөөллүүдийн талаар төлөөлөгчид саналаа хэлсэн юм.
Тухайлбал НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа: Мега төслийн хэрэгжилтийг НИТХ-ын төлөөлөгчид ажлын хэсэг байгуулан шалгах нь зохимжгүй юм. Тиймээс би ажлын хэсэгт орохгүй.
Хяналт шалгалтын ажлын хэсэгт Нийслэлийн аудитын газар орж болохгүй. Би Нийслэлийн аудит дүгнэлтийг худлаа хийдэг гэж хардаг. Засгийн газрын дэргэдэх хяналт шалгалтын агентлаг, Үндэсний аудитын газар, хууль хүчний байгууллагууд ажлын хэсэгт орж, мега төслийн хэрэгжилтийн зөв, буруу, алдаа, оноог дүгнэж НИТХ-д танилцуулснаар тухайн төслийг хэрэгжүүлэх эсэх ойлголтыг иргэдэд өгөх нь зөв гэсэн саналтай байна гэв.
Төлөөлөгчдийн хэлсэн санал болон иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулахаар тогтоолын төсөлд тусгаж, Ажлын хэсгийг байгуулахаар батлав.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
