Оросын зэвсэгт хүчин хоёр өдөр дараалан 1,500 гаруй нисгэгчгүй онгоцоор Украины хотуудад довтлов
Оросын зэвсэгт хүчин хоёр өдөр дараалан хэдэн зуун нисгэгчгүй онгоцоор Украины хотуудыг довтолсон тухай Киевийн албаны эх сурвалж Пүрэв гарагт мэдээлжээ.
Уг ажиллагааг дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоонд тооцож байна.
Лхагва гарагаас эхлэн Пүрэв гарагийн шөнө хүртэл Оросын тал нийтдээ 1,560 гаруй нисгэгчгүй онгоцоор довтолсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.
Зөвхөн Пүрэв гарагийн шөнө 670 гаруй дрон, 56 пуужин харвасан байна.
Эдгээрээс 652 дрон, 41 пуужинг устгаж чадсанаа Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин мэдээлжээ.
“Энэ бол дайн дуусах дөхөж байгаад итгэдэг хүмүүсийн үйлдэл биш болох нь тодорхой. Энэ халдлагын талаар түншүүд маань чимээгүй өнгөрөхгүй байх нь чухал. Мөн манай агаарын хамгаалалтыг үргэлжлүүлэн дэмжих нь үүнээс дутахгүй чухал юм” гэж Зеленский мэдэгдсэн байна.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноор дайн эхэлсэн бөгөөд энэ оны хувьд тэд фронтын шугамд ахиц дэвшил гаргаж чадалгүй гацаад байгаа.
Гэсэн хэдий ч Украины хотуудыг чиглэсэн агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байна.
Оросын эрх баригчид сүүлийн ажиллагааныхаа талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Нөгөө талаас Украин улс Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх эрчим хүчний байгууламжуудыг чиглэсэн алсын тусгалын цохилтоо үргэлжлүүлсээр байгаа.
Лхагва гарагт Оросын гурван бүс нутагт ийм цохилт өгснөө Киевийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам Крымийн хойг, Азовын тэнгис, Хар тэнгисийн дээр Украины 286 нисгэгчгүй онгоцыг унагаснаа мэдээлсэн байна.
Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дайн дуусах дөхөж байгааг мэдэгдсэн бол Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп талууд удахгүй дайнаа зогсоох тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэвч сүүлийн агаарын довтолгоо энэ бүхнийг үгүйсгэж байна.
Пүрэв гарагийн шөнийн цохилтын гол бай Киев хот болсон бөгөөд тус хотын 20 байрлалд хохирол учирсныг Зеленский мэдээлжээ.
Энэ үеэр Киев хотод гурван хүн амь үрэгдэж, 40 орчим хүн шархадсаны хоёр нь хүүхэд байсан байна.
Барилгын нуранги дороос аврагчид илүү олон хүний цогцос гаргаж болзошгүйг Киев хотын захирагч Виталий Кличко хэлжээ.
Дроны цохилтын улмаас есөн давхар орон сууц нурсан бөгөөд онцгой байдлын албаны ажилчид дарагдсан хүмүүсийг аврахаар шуурхай ажиллаж байна.
Оросын халдлагын улмаас Украин даяар 11 бүс нутагт цахилгаан хангамж тасалдсаныг тус улсын эрчим хүчний яам мэдээлжээ.
Цохилтод Кременчукийн эрчим хүчний дэд бүтэц, Одесса мужийн боомтын дэд бүтэц, төмөр замын дэд бүтэц өртсөн байна.
Оросын армийн давшилт өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 1,200 гаруй километр урт үргэлжилсэн фронтын шугам дагуу удааширсан гэж Institute for the Study of War судалгааны хүрээлэн үзэж байгаа.
Мөн өнгөрсөн сард Оросын тал сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анх удаагаа эзэлсэн газар нутгаа буцааж алдсаныг баталж байна.
АНУ, Хятадын дээд хэмжээний уулзалт Бээжин хотод болж байх үед агаарын томоохон довтолгоо явуулсан нь дайныг дуусгах Вашингтоны хүчин чармайлтаас үл хамааран Орос улс дайнаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагийн илрэл болохыг Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мэдэгджээ.
“Ямар ч хуурмаг төсөөлөл, мөрөөдөлд төөрөгдөлгүй, зөвхөн Москвад дарамт шахалт үзүүлж байж дайн зогсох ёстойг энэ үйл явдал харууллаа” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
