Японд жил бүр болдог "Тур де Кумано" олон өдрийн уралдаан өнөөдөр эхэллээ.
Энэ сарын 11-нийг хүртэл дөрвөн өдөр, 464 км үргэлжлэх уг уралдаанд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын “Roojai incurance” багийнхаа бүрэлдэхүүнд өрсөлдөнө.
“Тур де Кумано” нь 2006 оноос хойш Японы Миэ мужид жил бүр тогтмол зохион байгуулагдаж ирсэн олон өдрийн уралдаан юм. Гурван жил сонирхогчдын дунд болж байсан бол 2009 оноос мэргэжлийн статус авч, Олон улсын дугуйн холбооны цаглаварт багтан 2.2 ангилалтай болжээ.
Оролцогчдын чанар чансаа ч дээшлэн чансаа өндөр тэмцээнд тооцогдох болсон юм. Монголчуудын сайн мэдэх Японы шилдэг тамирчин Юкия Араширо 2008 онд энэ тэмцээнээс хүрэл медаль авсан бол “Жиро Де Итали” уралдааны “Уулын хаан”-аар тодорч байсан Колумбын Хулиан Арредондо зэрэг шилдгүүд уралдаж байв.
Энэ жилийн тэмцээнд Итали, Малайз, Тайланд, Бельги, БНСУ, Хонконг, Шинэ Зеланд, Японы 19 багийн 110 тамирчин өрсөлдөж байна.
Манай тамирчин энэ сарын 6-нд тус тэмцээний сорилго “Wakayama castle criterium 2025” жижиг тойргийн 30 км-ийн уралдаанд оролцож, “Идэвхттэй дугуйчин”-аар тодорсон юм.
Эх сурвалж: Монголын Дугуйн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!