• 6 сарын 9, Даваа
Уншиж байна ...

Теслагийн борлуулалт Европын зах зээлд үргэлжлэн унажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо тус тивийн орнуудын өнгөрсөн сарын борлуулалтын тоо баримтыг өчигдөр нийтэлсэн байна.

Дөрөвдүгээр сард Европ даяар цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт жилийн өмнөхтэй харьцуулахад 27.8 хувиар, "plug-in" төрлийн хайбрид автомашины борлуулалт 31.1 хувиар өссөн бол бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинуудын борлуулалт 22.4 ба 24.7 хувиар тус тус буурчээ.

Хэдийгээр ерөнхий цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэн ч АНУ-ын үйлдвэрлэгч Теслагийн борлуулалт эсрэгээрээ огцом буурсан нь анхаарал татаж байна.

Тухайлбал өнгөрсөн сард Тесла 7,261 автомашин борлуулсан нь жилийн өмнөх 14,228-аас бараг 50 хувийн бууралт болжээ.

Энэ нь Европын Холбоо, Их Британи, Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцарын зах зээлийг хамруулсан үзүүлэлт юм.

Хамгийн өндөр борлуулалттай байсан үйлдвэрлэгчээр Хятадын төрийн өмчит SAIC шалгарсан байна. Тус компани Британийн MG, Японы Mitsubishi брэндүүдийг эзэмшдэг юм.

Теслагийн уналт нь түүний гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн үйл ажиллагаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Маск өнгөрсөн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлыг их хэмжээний мөнгөөр ивээн тэтгэж, дараа нь Трампын засаг захиргаанд төсвийн хэмнэлтийг хариуцсан агентлаг удирдах болсон.

Тэр бас Их Британи, Герман зэрэг Европын улсуудын улс төрийн амьдралд оролцож, хэт барууны чиг баримжаатай улс төрийн хүчнүүдийг идэвхтэй дэмжиж байсан юм.

AJ Bell хөрөнгө оруулалтын компанийн шинжээч Расс Молд сүүлийн сарын үзүүлэлт нь “Илон Маскийн улс төрийн оролцооны брэндэд учруулах хохирол удаан үргэлжилж болзошгүйг харууллаа” хэмээн тайлбарлажээ.

Тэр цааш нь “Олон жолооч нар бүрэн цахилгаан автомашинд шилжихээс болгоомжилж буй энэ үед тус компани хайбрид зах зээлд ямар нэг оролцоогүй байгаа нь бас сөргөөр нөлөөлж байна” гэж дүгнэсэн байна.

Энэ оны эхний улиралд Теслагийн нийт дэлхий дахины борлуулалтын хэмжээ 13 хувиар буураад байгаа.

Гэхдээ Илон Маск өнгөрсөн сард улс төрийн үйл ажиллагаагаа багасгаж, бизнестээ илүү анхаарал тавихаа амласны дараа Теслагийн хувьцааны ханш 25 орчим хувиар өссөн юм.

Гэхдээ л энэ оны эхний өдөртэй харьцуулахад өнөөдөр 6 хувийн уналттай байна.

 

Эх сурвалж: AFP