Мексикт картелын цогцос устгалын газрыг илрүүлсэн тэмцэгчдийн хоёр нь алагджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сураггүй алга болсон төрөл төрөгсдөө эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг Guerreros Buscadores иргэний байгууллагын гишүүд өнгөрсөн сард Мексикийн Халиско мужийн нутаг дэвсгэрт хар тамхины картелын эзэмшил газраас хүмүүсийн цогцсыг устгадаг байж болзошгүй газрыг илрүүлж байв.

Мужийн төв Гуадалахара хотоос холгүй эдлэн газраас илэрсэн шатаах зуухны ойролцоо 200 орчим хос гутал, хүний ясны үлдэгдэл зэрэг эд зүйлс олдсон юм.

зураг
 

Тэгвэл энэхүү аймшигт газрын илрүүлсэн байгууллагын хоёр гишүүн Лхагва гарагийн шөнө үл мэдэгдэх этгээдүүдэд буудуулж алагджээ.

Хохирогчид болох Кармен Моралес, түүний хүү Хайме Рамирез нарыг мотоциклтой хоёр хүн буудаад зугтаасныг Халиско мужийн прокурорын газар өчигдөр мэдээлсэн байна.

“Моралесыг өмнө нь хэд хэдэн удаа сүрдүүлж байсан. Ийм зүйл болсон нь үнэхээр эмгэнэлтэй. Бид бүгд өөр өөрийн хайртай дотно хүмүүсээ олохын төлөө тэмцдэг” гэж Guerreros Buscadores байгууллагын төлөөлөгч Раул Сервин мэдэгджээ.

Халиско мужийн прокурорын газар алуурчдын хэн болохыг тогтоогоогүй байгаа ч картелтай холбоотойг нь батлахаас татгалзсан байна.

Моралес, Рамирез нар 2024 оны хоёрдугаар сард сураггүй болсон хамаатнаа хайж байжээ.

Энэ сарын эхээр дээрх байгууллагын бас нэг гишүүн алагдсан юм.

Өөрийн төрсөн ахыг хайж байсан Тереза Гонзалес хэмээх эмэгтэй мөн үл мэдэгдэх этгээдүүдийн гарт алагджээ.

Халиско бол сураггүй алга болсон хүний тоогоор Мексикт тэргүүлдэг мужуудын нэг юм.

Тус мужид үйл ажиллагаа явуулдаг "Халискогийн Шинэ Үеийнхэн" нэртэй хар тамхины картел залуусыг хүчээр элсүүлэхийн тулд хулгайлдаг байж болзошгүй гэж эрх баригчид сэжиглэдэг.

Сүүлийн байдлаар Мексик даяар 124,000 орчим хүн сураггүй алга болсон гэсэн тоо баримтыг засгийн газар нь гаргасан байдаг юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа