Уншиж байна ...

Тэрбумтан Билл Гэйтс хөрөнгийнхөө 99 хувийг 2045 он хүртэл буяны үйлсэд хандивлаж дуусгах төлөвлөгөөг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Америкийн тэрбумтан Билл Гэйтс нийт $200 тэрбумын хөрөнгөө 2045 он хүртэл буяны үйлсэд зарцуулж дуусгахаар төлөвлөснөө өчигдөр зарлажээ.

Энэ ажлаа тэр өөрийн үүсгэн байгуулсан сангаар дамжуулж хэрэгжүүлэх бөгөөд тус санг 2045 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хаахаар болсон байна.

69 настай Гэйтс ийнхүү өөрийн хөрөнгийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулж дуусгах хугацааг өмнө нь төлөвлөж байснаасаа хэдэн жилээр урагшлуулж байгаа юм.

Хандивын хөрөнгө нь саа, хумхаа зэрэг халдварт өвчнийг устгах, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг зогсоох, дэлхий дахинд ядуурлыг бууруулах зэрэг хэд хэдэн зорилгод зарцуулагдах юм байна.

Гэйтсийн шийдвэр Трампын засаг захиргаа АНУ-ын олон улсын хандив, тусламжийн олон төслийг зогсоосон цаг үетэй давхцаж байгаа юм.

Тухайлбал тэрбумтан Илон Маскийн хариуцдаг Doge агентлаг USAID хөтөлбөрийн хэрэгжүүлдэг төслүүдийн 80 орчим хувийн санхүүжилтийг зогсоогоод байгаа.

Тус агентлаг 2023 оны санхүүгийн жилд нийт $44 тэрбумыг дэлхий даяар хэрэгжүүлсэн олон төслүүддээ зарцуулж байжээ.

Өчигдөр Гэйтс энэ үйл ажиллагааг буруушааж, Маскийг “Дэлхийн хамгийн баян хүн дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийг хөнөөж байгаа нь тийм ч таатай зүйл биш юм” гэж шүүмжилсэн байна.

АНУ-ын олон улсын тусламжийг зогсоосны улмаас сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд нас баралтыг бууруулах чиглэлд гарсан ахиц дэвшил ойрын 4-6 жилд буцаж ухрахаар байгааг Гэйтс анхааруулжээ.

“Нас баралтын тоо анх удаа өсөж эхэлнэ. Тусламж дэмжлэг тасарсны улмаас сая сая хүн эрт нас барах болно” гэж тэр хэлсэн байна.

Гэйтсийн сангийн жилийн төсөв 2026 онд $9 тэрбум, түүнээс хойш жил бүр $10 тэрбумд хүрэх гэнэ.

Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргааны үлдээсэн хоосон орон зайг энэ мөнгө нөхөж чадахгүйг тэр анхааруулжээ.

Гэйтс, Маск хоёр тэрбумтнуудын хөрөнгийг буяны үйлсэд зориулах үзэл санаан дээр анх нэгдэж байсан ч сүүлдээ хэд хэдэн удаа зөрчилдөж байв.

Өчигдрийн ярилцлагын дараа Маск сошиал хуудсандаа “Гэйтс бол том худалч” гэж бичжээ.

Гэйтс өчигдрийн шийдвэрийг сангийнхаа 25 жилийн ойг тохиолдуулан зарласан юм.

2000 онд тэр тухайн үед эхнэр нь байсан Мелинда Фрэнч Гэйтстэй хамтран энэ санг байгуулж, хожим тэрбумтан Уоррен Баффет тэдэнтэй нэгдэж байв.

Тус сан байгуулагдсан цагаасаа хойш нийт $100 тэрбумыг олон сая хүний эрт нас баралтыг зогсоох, вакцин бүтээх, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх зэрэг олон сайн үйлсэд зарцуулсан байна.

Гэйтсийн хувийн хөрөнгийн 99 хувийг зарцуулж дууссаны дараа энэ сан хаагдах ажээ.

Одоогоор Гэйтсийн хөрөнгийн хэмжээ $108 тэрбумын үнэлгээтэй байгаа. 2045 онд сангийн зарцуулсан байх нийт мөнгөний хэмжээ $200 тэрбумд хүрнэ гэсэн үг.

Энэ үйл хэргийнхээ төлөө Гэйтс янз бүрийн хуйвалдааны онолд нэр холбогдож байсан. Ялангуяа коронавирусийн цар тахлын үеэр энэ нь улам эрчимжиж байлаа.

Гэйтс сүүлийн саруудад ерөнхийлөгч Трамптай хэд хэдэн удаа, тангараг өргөснөөс нь хойш хоёр удаа уулзаж, дэлхийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахын ач холбогдлыг тайлбарласнаа өчигдөр ярьжээ

“Дэлхийд үнэт зүйл гэж байдаг. Миний эцэг эх надад үүнийг сургасан юм” гэж тэр ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters