Өнөөдөр буюу Баасан гарагт Ялалтын баярын арга хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл Москваг оролцуулаад Оросын зарим бүс нутагт интернэт сүлжээний холболтыг хязгаарлах болсноо Кремлиэс өчигдөр мэдэгджээ.
Ийм арга хэмжээ авах болсон шалтгаанаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “аюултай хөрш”-өөс болсон гэж тайлбарласан байна.
“Энэ бол тасалдал биш, тодорхой шалтгааны улмаас тавих хязгаарлалт. Бид Ялалтын баяраа зохих түвшинд тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэж байна” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ.
Оросын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Москва хотын оршин суугчид тавдугаар сарын 5-наас эхлэн гар утаснаасаа интернэтэд холбогдоход хүндрэлтэй тулгардаг болсон гэнэ.
Ялалтын баяр бол Оросын эрх баригчдын суртал нэвтрүүлгийн томоохон арга хэмжээ юм. Энэ жилийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лулал да Силва зэрэг дэлхийн 20 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин бас Ялалтын баярыг тохиолдуулан Украины фронт дээр гурван өдөр гал зогсоох шийдвэр гаргасан.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг нь хүлээж авахаас татгалзсан юм.
Харин эсрэгээрээ Украины тал сүүлийн өдрүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцны довтолгоонуудаа эрчимжүүлснээс Москва хотын нисэх буудлуудын үйл ажиллагаа олон удаа тасалдаад байгаа.
Оросын Аялал Жуулчлалын Операторуудын Холбоо дроны халдлага хамгийн багадаа 350 нислэгийн хуваарьт нөлөөлсөн тухай өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!