АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 оны зуны олимпыг зохион байгуулах билээ. Тэгвэл тус олимпын Ажлын хэсгээс өнөөдөр нээлтийн ёслолын талаар мэдээлэл хүргэжээ.
Лос-Анжелес хот ирэх олимпын нээлтийн ёслолыг 2028 оны долдугаар сарын 14-нд алдарт "Memorial Coliseum" болон "SoFI" цэнгэлдэхэд зэрэг хийхээр төлөвлөснөө олон нийтэд зарласан юм. Ингэснээр олимпын нээлтийг хоёр цэнгэлдэхэд зохион байгуулсан анхны тохиолдол болох аж.
1923 оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийж байсан Колизей цэнгэлдэхэд өмнө нь 1932, 1984 оны олимпын тоглолт болж байв. Олимпын түүхэнд гурван удаа наадам хүлээн авсан анхны цэнгэлдэх болж буй тус цэнгэлдэхэд 2028 оны долдугаар сарын 30-нд болох хаалтын ёслол болно.
Америк хөлбөмбөгийн "Рэмс", "Чаржерс" баг гэртээ хийх тоглолтоо зохион байгуулдаг "SoFi"-д мөн наймдугаар сарын 15-нд Паралимпын нээлтийн ёслолыг хийх юм.
"LA28" олимпын зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Кэйси Вассерман "2028 оны олимпын нээлт, хаалтын ёслолд зориулж сонгосон газрууд нь манай хотын спортын баялаг түүх, шинэлэг ирээдүйг онцолсон" гэж тодотгожээ.
"Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжөөн дэмжигчдэд өмнө нь хэзээ ч болж байгаагүй гайхалтай дурсамж үлдээх олимп, паралимпын ёслолыг бид үзүүлнэ" гэж Кэйси нэмж өгүүлэв.
Нээлтийн ёслолын дэлгэрэнгүй хөтөлбөр хараахан батлагдаагүй байна.
Америкийн хөлбөмбөгийн коллежийн "USC Trojans" багийн гэртээ хийх тоглолт болдог Колизейд нь олимпын эхний долоо хоногт болох хөнгөн атлетикийн тэмцээн болох хуваарьтай.
"SoFi" цэнгэлдэх хүрээлэнд усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буй.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|