Католик сүм хийдийн 2,000 жилийн түүхэнд анх удаа Америк хүн тэргүүнээр нь сонгогдлоо.
69 настай Роберт Фрэнсис Превост нь Чикаго хотын уугуул, бас шашны замналынхаа ихэнх хугацааг Перуд өнгөрөөсөн, тус улсын давхар иргэний харьяалалтай хүн юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс Ватиканд цугларсан кардиналууд хоёр дахь өдрийн чуулганаараа түүнийг сонгосон байна.
Превост өөртөө XIV Лео хэмээх шашны нэрийг хүлээн авчээ.
Шинэ папын Гэгээн Петрийн талбайд цугларсан сүсэгтнүүдэд хандаж хэлсэн анхны өгүүлбэр “Та бүхэн бүгд амар амгалан байх болтугай” байлаа.
Превост сүүлийн 20 гаруй жил Перуд эхлээд номлогчоор ажиллаж, сүүлд Чиклаио нэртэй хотын сүмийн хамба болж байжээ.
2015 онд тэр Перу улсын иргэн болсон байна.
Тиймээс шинэ пап тодорсон тухай мэдээ АНУ, Перу улсуудын иргэдийг давхар баярлуулсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсаас нь пап сонгогдсоныг “аугаа их нэр төрийн хэрэг” гэж мэдэгджээ.
“Дөнгөж сая папаар сонгогдсон кардинал Роберт Фрэнсис Превостод баяр хүргэе. Америкаас анхны пап тодорсон нь үнэхээр аугаа их нэр төрийн хэрэг юм. Манай улс үндэстний хувьд ямар их баяр хөөр, нэр төрийн хэрэг вэ! Би пап XIV Леотой уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол маш их утга учиртай мөч байх болно” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, консерватив католик шүтлэгтэй Марко Рубио мөн шинэ папын тэргүүлсэн Ватикантай ажил хэргийн сайн харилцаа тогтооно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Перу улсын ерөнхийлөгч Дина Болуарте шинэ папаар “Бидний нэг байж, бидний дунд амьдарч, энэ улсын итгэл, соёл, хүсэл мөрөөдлийг зүрх сэтгэлдээ тээж явдаг хүн сонгогдлоо” хэмээн мэдэгдсэн байна.
Бас “Тэрбээр манай оронд итгэл найдвар түгээж, тус дэм хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүстэй зэрэгцэн алхаж байсан хүн юм” гэж Превостыг магтжээ.
Талийгаач пап Францис эртнээс Превостыг өөрийн залгамжлагчаар бэлдэж байсан гэдэг.
Тэрбээр 2023 онд Превостыг Ватиканд авчирсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сүмийн хамбад нэр дэвшигчдийг шалгаруулдаг нөлөө бүхий албыг удирдуулж байжээ.
Тиймээс ажиглагчид түүнийг дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны тэргүүнээр ажиллахдаа өмнөх папын бодлогыг үргэлжлүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!