Лхагва гарагт хил орчмын нутагт болсон богино хэмжээний агаарын тулаанд Хятадад үйлдвэрлэсэн J-10C онгоцоор Энэтхэгийн таван сөнөөгч онгоцыг унагаснаа Пакистаны эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал Пакистаны гадаад хэргийн сайд Ишак Дар парламентдаа танилцуулахдаа Энэтхэгийн таван онгоцны гурав нь Францын Rafale сөнөөгч онгоцнууд байсныг мэдээлсэн байна.
“Манай сөнөөгч онгоцнууд Энэтхэгийн гурван Rafale онгоцыг унагаж чадлаа. Манай онгоцнууд J-10C байсан. Бүгд Хятад улсад үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцнууд байсан” гэж тэр хэлжээ.
Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал Хятадын сөнөөгч онгоцнууд анх удаа жинхэнэ агаарын тулаанд орсон тохиолдол болох юм байна.
Бас Францын үйлдвэрийн Rafale сөнөөгч онгоц анх удаа жинхэнэ тулаанд ялагдсан тохиолдол болох ажээ.
Францын тагнуулын албаны эх сурвалж дээрх мэдээллийг батлахаар ажиллаж байгаагаа ярьсан байна.
Үүнээс гадна Энэтхэгийн Пунжаб мужийн нутгаас Хятадын PL-15 E пуужингийн хэлтэрхий олдсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Пакистаны агаарын хүчин K-10C, эсвэл JF-17C Block 3 онгоцноос дээрх пуужинг харвасан байх боломжтойг мэргэжилтнүүд баталж байна.
J-10 бол Хятадын Chengdu Aircraft Industry Group компанид үйлдвэрлэсэн ганц хөдөлгүүртэй, олон зориулалттай байлдааны нисэх онгоц юм.
Уг онгоцыг 2003 онд Хятадын зэвсэгт хүчинд ашиглаж эхэлсэн юм байна.
Энэ онгоцны хамгийн сүүлийн хувилбар J-10C бөгөөд хөдөлгүүр, радарын систем нь өмнөхөөсөө сайжирчээ.
Үүнийг 4.5 дахь үеийн сөнөөгч онгоц гэж үздэг юм байна.
Гадаад улс орнуудаас зөвхөн Пакистан улс энэ онгоцыг армийнхаа зэвсэглэлд ашиглаж байгаа ажээ.
2020 онд Пакистаны арми 36 ширхэг J-10C сөнөөгч онгоцыг 250 ширхэг PL-15E пуужингийн хамт захиалж байсан юм.
Үүнээс эхний зургаан онгоц нь 2022 онд нийлүүлэгдэж, одоо 20 ширхэг ийм онгоц Пакистаны агаарын хүчинд ашиглагдаж байгаа гэнэ.
Одоогоор Египет улс энэ онгоцыг авахаар сонирхож байгаа бол Узбекистан улс Зөвлөлтийн үеийн хуучин онгоцнуудаа J-10C болон Rafale хоёрын аль нэгээр шинэчлэхээр судалж байгаа ажээ.
Гадаад хэргийн сайд Дар өчигдөр ярихдаа Лхагва гарагийн үүрээр Хятад улсын элчин сайдын яамныхан Исламабад хотод ирж, агаарын тулааны үр дүнгийн талаар мэдээлэл авсан гэнэ.
“Найрсаг харилцаатай улсын хувиар тэд үр дүнд маш их баяртай байгаагаа бидэнд илэрхийлсэн” гэж сайд хэлжээ.
Эх сурвалж: Reuters, South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!