Монгол Улсын Их Сургууль(МУИС) анх удаа дэлхийн их сургуулиудын чансаа тогтоодог нэр хүндтэй байгууллагуудын нэг болох Times Higher Education (THE) байгууллагаар 2024 оны аравдугаар сард үнэлүүлэн “Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2025” жагсаалтад 1,501+ байр эзэлсэн билээ.
МУИС-ийн энэхүү амжилт нь зөвхөн МУИС-ийн хувьд төдийгүй Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг түүчээлэн олон улсад анх удаа албан ёсоор эрэмбэлүүлэх шалгуурыг хангаж чадсан онцлох үйл явдал юм.
THE байгууллагын дэлхийн их сургуулиудын эрэмбэд багтахын тулд долоон суурь шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд МУИС эдгээр шалгуураас хамгийн чухал үзүүлэлтүүд болох сүүлийн таван жилд скопусын мэдээллийн санд бүртгэлтэй нийт 1,000+ эрдэм шинжилгээний бүтээлтэй байхаас 1,002 бүтээлтэйгээр, мөн салбарт тавих шалгуурын нэг болох байгалийн шинжлэлийн салбарын ухааны чиглэлээр 500+ бүтээлтэй байхаас 576 бүтээлтэйгээр шалгуурыг хангаж эрэмбийн жагсаалтад багтсан.
Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө” зэрэг хөгжлийн бодлогуудад ДБСБ-ын үндэсний болон олон улсад эзлэх байр суурийг дээшлүүлэх талаар зорилтууд туссан байдаг. Уг зорилтуудтай уялдуулан Боловсролын Яам, Боловсролын үнэлгээний төвийн санхүүжилт, зохион байгуулалттай МУИС-ийн одоогийн байр суурийг бататгах, цаашид ахиулахад анхаарах үйл ажиллагааны чиглэлээр зөвлөх үйлчилгээг Times Higher Education байгууллаас 2025 оны хоёрдугаар сард авсан. Уг зөвлөх үйлчилгээгээр сургуулийн үзүүлэлтүүд бусад сургуулиудтай харьцуулахад хэр байсан, ямар үзүүлэлтийг хэрхэн өсгөвөл хэр ахиц дэвшил гарч болох талаар аргачлалын болон харьцуулсан тоон утгуудад тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн.
МУИС-ийн эрэмбийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг дараах хүснэгтэд харуулав.
WUR 2025 |
|
Нийтэлсэн эрэмбэ | 1,501+ |
Нарийвчилсан эрэмбэ | 1,987 (2092) |
Нийт авсан оноо оноо | 15.4 (100) |
Эрэмбийн прецентиль | 0-5% (100%) |
Мэдүүлсэн | 133 улсын 2,860 сургууль |
Шалгуурыг хангаж эрэмбэлүүлсэн нийт сургууль | 2092
(WUR2024: 1907) |
THE байгууллагын тодорхойлсон үнэлгээний 18 метрик тус бүрд МУИС дараах үнэлгээг авсан байна. Эрэмбийн оноог тодорхойлохдоо метрик тус бүрийн үзүүлэлтийг харьцуулж буй дэлхийн их сургуулиудын үзүүлэлтээс хамаарсан хэмжээст онооны аргачлалыг ашигладаг бөгөөд МУИС-ийн хувьд гадаадтай хамтарсан бүтээлийн тоо хамгийн өндөр үнэлгээтэй байв.
Түүнчлэн болзол хангасан сургуулиудаас тухайн салбарын болзлыг биелүүлсэн сургуулиудыг жагсааж, салбарын эрэмбэ зарладаг бөгөөд МУИС-ийн хувьд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн их сургуулиудын эрэмбэд 1,001+ байрыг эзэлсэн байна.
МУИС хоёр дахь удаагаа Times Higher Education үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхээр 2025 оны гуравдугаар сард холбогдох өгөгдлөө мэдүүлээд байгаа бөгөөд Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026 үр дүн аравдугаар сард зарлагдах юм.
Эх сурвалж: МУИС-ийн Захиргаа, ажлын хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!