Уншиж байна ...

Д.Уламбаяр: Монгол, Францын харилцааны нэгэн жаран бол ахиц дэвшлээр дүүрэн он жилүүд байсан

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны нэгэн жарны түүхэн ой тохиож буйтай холбогдуулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

- Монгол, Франц хоёр орны харилцаа Монголын эзэнт гүрний тэртээгээс эхлэлтэй гэж үздэг. XIII-XIV зууны үеийн түүхэн үйл явдлаас ярилцлагаа эхэлье?

- Хоёр орны харилцааны эртний түүхийг авч үзвэл "Монголын их амар амгалангийн үе" буюу XIII-XIV зууны үеийн түүхээс гурван үйл явдлыг онцолмоор байдаг.

Нэгд, Францын IX гэгээн Луй хааны зараалаар христ шашны ширээт лам, дипломат тусгай элч Гильом де Рубрук Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд 1254 оны хавар хүрэлцэн ирж, Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хүү Их хаан Мөнх бээрт бараалхсан байдаг. Энэхүү уулзалтын төгсгөлд Их хаан Мөнх өөрт нь Францын хаанд хандсан зарлигийн жуух бичгийг хүргүүлсэн тухай дипломат элч Гильом де Рубрук “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь” хэмээх дэлхийд алдаршсан аян замын тэмдэглэлдээ бичиж үлдээсэн.

Хоёрт, Францын уран дархан Гильом Бушье эзэнт гүрний нийслэл Хархорум хотын төвд Түмэн Амгалант хэмээх их ордны доторх хааны сэнтийн өмнөх талбайд орой дээрээ бүрээ татаж буй Сахиусан тэнгэрийн элчийг дүрсэлсэн, тансаг идээ ундаа, сархад урсах дөрвөн амтай мөнгөн арслан бүхий бидний сайн мэдэх Мөнгөн модыг 1254 онд урлаж дууссан болохыг дээрх дипломат элч Гильом де Рубрук мөн түүхэнд бичиж үлдээсэн нь гайхалтай.

Гуравт, Монголын Илхаадаас Өрнө дахины хаадад илгээж байсан бичгүүд дотроос Өлзийт хааны захидал агуулгаараа онц сонирхолтой байдаг. Эл дипломатын жуух захидлыг Өлзийт хаан 1305 оны эхээр Франкийн хаан гоо Филиппт илгээсэн ажээ. Захидалд өгүүлэхдээ: "...Эдүгээ манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ахтай найрамдаж харилцсаныг яахан бид огоорох билээ... Олон франкуудын вангууд хамт (хоорондоо) зохилдож амуй хэмээн (бидэнд) айлтгасан билээ. Үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ" хэмээсэн байх бөгөөд үүнийг "хуучин ертөнцийн үлэмж их орон зайд энх амгалан тогтоох" санааг монголчууд анх удаа дэвшүүлсэн болохыг нэрт монголч эрдэмтэн, судлаач В.Л.Котвич судлан ажиглаад "XIII зууны эхэн үед Монголчууд дэлхий нийтийн энхтайвны үзэл санааг анхлан санаачилсан болох нь" хэмээх өгүүлэл бичсэн бөгөөд үүнийг түүний мэндэлсний 90 жилийн ойд зориулан 1953 онд Польшийн Дорно дахины нийгэмлэгээс франц хэл дээр хэвлэн гаргажээ.

Өрнөд Европт тогтсон энх амгалан байдлыг монголчууд өөрсдөө зарлан мэдээлсээр байсан байх бөгөөд найртай сайхан байхыг ихэд эрхэмлэсэн "үнэнхүү зохилдохоос сайхан юу байх билээ" хэмээсэн монгол хүний санааг илэрхийлсэн зөөлөн хүчний гайхамшигтай үзэл санаа бүхий өгүүлбэрийг жуух захидалдаа шигтгэж өгчээ. Илхан Өлзийт Монголын бусад хаадтай яриангүй найрсаг байж монгол газрын дотоодод ч тэр, хилийн чанадад ч тэр тогтсоор байсан status-quo-г улам батжуулахыг хичээж байжээ гэж эрдэмтэн В.Котвич үзжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургийн тайлбар: Илхан Өлзийтээс Францын гоо Филиппт илгээсэн дипломатын жуух захидлын уг эх.  Францын Үндэсний архивт хадгалагдаж буй уг захидлын жинхэнэ уг эх 720 жилийн дараа эх нутагтаа ирж, 2024 оны зун Чингис хааны үндэсний музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн дээр анх удаа дэлгэгдсэн билээ.

Мөнх хааны элч Гильом де Рубрук бээрт өгүүлсэн Мөнх тэнгэрийн хүчин дор наран мандахаас шингэх хүртэлх бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно гэсэн санаа ч үлэмжийн утга учиртай байжээ. Энэ бол дипломат арга ажиллагаан дахь зөөлөн хүчний бодлогын тод илрэл болсон юм.

- ХХ зууны тэргүүн хагасын Монгол, Францын харилцааны түүхээс хуваалцвал та юуг онцлох вэ?

- ХХ зууны эхэнд буюу 1900 онд Монгол газар Франц, Орос, Чин гүрний хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн олон улсын үндэстэн дамнасан "Мongol-Oр" хэмээх алтны уурхай үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. "Or" гэдэг нь францаар "Алт" гэсэн ажээ.

"Мongol-Oр"-т Оросын алтны уурхайн нийгэмлэг "Золоторосс", Берлин дэх банкны "Mendelssohn-Bartholdy Co.,", Майн дахь Франкфуртын "M.A. Rothschild & Sons", Орос дахь үйлдвэрийн асуудал эрхэлсэн Парисын банкны Ерөнхий Хороо (Societe Generale), Парис-Нидерландын хамтарсан банк (Banque de Paris et Pays-Bas) хувь нийлүүлснээс гадна "Монголор" нийгэмлэгт Оросын хатан хаан Мария Феодоровна (Данийн гүнж Мария София Фредерика (1847-1928) хаан III Александрын гэргий, II Николай хааны ээж), Бельгийн хаан II Леопольд (Leopold Louis Philippe Marie Victor 1835-1909), Манж Чин улсын төрийн сайд дипломатч Ли Хунжан нар хувь нийлүүлсэн байна.

"Монголор"-ын Удирдах Зөвлөлийг байгуулж, түүний бүрэлдэхүүнд 1895 оны сүүлчээр С.Виттегийн санаачилгаар байгуулагдан хувь нийлүүлсэн Орос-Хятадын банкны Ерөнхий хорооны дарга хунтайж гүн Э.Э.Ухтомский, "Золоторосс"-ын Ерөнхийлөгч И.Нерпин, Францын том хөрөнгөтөн банкир A.Ротшильд (Alphonse James de Rothschild, түүний хүргэн Санкт-Петербургийн Олон улсын худалдааны банкны тэргүүн А.Ю. Ротштайн (Adolf Julevich Rothstein), Бельгийн санхүү-үйлдвэрийн төлөөлөгч Браун де Тьеж (Alexandre de Browne de Tiege (1841-1910), Санкт-Петербургийн Тооцоо ба Зээлийн банкны Удирдах Зөвлөлийн дарга Д.И.Петрококино нар орж, А.Ю.Ротштайныг "Монголор"-ын Ерөнхий захирал, гүн Э.Э.Ухтомскийн саналаар бельгийн харьяат Барон Вiктор фонъ Ю.Гротыг (Victor von Groth) "Монголор"-ын Өргөөгийн салбарын захирлаар 4 жилийн хугацаатай тус тус томилжээ. "АО Монголор"-ийн төв байр нь Санкт-Петербургт, салбар нь Өргөөд тайлангаа франц, орос хоёр хэлээр зэрэг гаргаж байжээ.

зураг
 
1912 онд “Монголор” хувьцаат нийгэмлэгээс орос, франц хоёр хэл дээр гаргасан хувьцаа
зураг
 
Өргөө дэх “Монголор” хувьцаат нийгэмлэгийн төв оффисын байр 1911 он

“Гуравдагч хөрш”-ийн бодлого нь ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түүхийн сургамжтай гүн холбоотой билээ. 1911 оны тусгаар тогтнолын сэргэлтийн дараа Монголын удирдагчид хоёр хөршөөсөө гадна "гуравдагч" гүрнүүдтэй харилцаа тогтоохыг чинхүү эрмэлзэж байсан нь гадаад улс төр, эдийн засгийн бодлогын чухаг чиг шугам байжээ. Энэ нь юуны өмнө Өрнө, Дорнын гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдгээр орнуудтай худалдааны харилцаа холбоо тогтоох, Өвөрлөгч нутгийг Халхад нэгтгэх замаар Монгол үндэстний улс төрийн нэгдлийг хангах, түүнийгээ бататгах үндэсний эрх ашиг хийгээд аюулгүй байдал, худалдааг хөгжүүлэхтэй ямагт холбогдож байжээ. Тиймээс ч Монголын тусгаар тогтнол сэргээн тунхагласны дараа 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын ГЯЯ-наас ноот бичиг үйлдэн Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри) зэрэг есөн гүрэнд илгээжээ.

Ноот бичигт: "...дурдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож, ... харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу" гэсэн саналыг дэвшүүлсэн. Энэ ноот бичиг Монгол Улсаас гуравдагч гүрнүүдэд хандсан албан ёсны анхны баримт бичиг байв. Нэг сарын дараа Богд хаанаас хичээнгүйлэн Их Фа, Ин, Дэ, Билиш, Хэлан зэрэг таван улсын эзэн хааны амгаланг эрж, үүрд сайнаар найрамдахыг хүссэн албан бичгийг Бээжин дэх ЭСЯ-дад тухайлан илгээжээ.

1914 онд Монгол Улсын ГЯЯ-наас Бээжин дэх АНУ, Франц, Англи, Германы ЭСЯ-дад дипломат ноот бичиг дахин илгээж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх шинэ оролдлогыг үргэлжлүүлэн хийж байжээ.

1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээний уг эхийг монгол, орос, хятад, франц дөрвөн хэлээр бэлтгэсэн бөгөөд гэрээний монголын талын эх бэлтгэгч орчуулагчаар Жамсрангийн Цэвээн ажилласан.

зураг
 
1915 оны Гурван улсын Хиагтын гэрээний франц хэл дээрх уг эхийн эхлэл ба төгсгөлийн хэсэг

Жамсрангийн Цэвээн 1892-1895 онд Чита хотын гурван жилийн сургууль, 1896-1897 онд Санкт-Петербургийн гимнази, 1898-1901 онд Эрхүү хотын Багш нарын семинар, 1902-1907 онд Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины факультетыг тус тус төгссөн, тус их сургуулийн мэргэжлийн олон хичээлүүд франц хэлээр явагддаг байжээ. Тэрбээр намтартаа франц хэл бичиг мэднэ гэж бичсэн нь буй.

Ж.Цэвээн Францын зохиолч Lеон Кунегийн (Léon Cahun) “Introduction à l’histoire de l’Asie: Turcs et Mongols des origines à 1405” зохиолыг монгол хэлнээ “Хөх Монголын хөх туг” хэмээн орчуулснаас гадна 1912 онд ГХЯ-ны дэргэд байгуулагдсан орос-монгол хэл бичгийн сургуульд Франц, Английн түүхийн хичээл зааж байв. Гадаад яамнаа соёлын асуудал эрхэлсэн туслах түшмэл бээр уригдан ирсэн Ж. Цэвээн 1912 оны эхээр "...ард албатын мунхаг харанхуйг эрдмийн зул бадруулж гийгүүлсүгэй" хэмээн хүсэл зоригоо илтгэн ГХЯ-ны тэргүүн сайд хошой чин ван М.Ханддорж бээрт өргөсөн айлтгалдаа: "Гадаад олон хүчирхэг улсын хамаг чадал нь гагцхүү элдэв ухааны эрдэм дор нэвтрэлцэн дээд, доод эрдэм ялгалгүй цөм бага наснаас эхлэн хирээр адаг, дунд, их гурван сургууль ... дор явж зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэл дээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ... Бүгдээр нийт тусгай олон тооны эрдэм дор нэвтрэлцэхийг ямагт шамдан хичээвээс зохимой. Үлгэрийг гадаад улсаас авч Монгол байдал дор тааруулж тогтоовоос зохимой" гэжээ. Тийнхүү 1915 оны наймдугаар сард боловсруулсан, орос-монгол хэл бичгийн сургуулийн дүрмийн хоёрдугаар бүлгийн долдугаар зүйлийн хоёрт, заавал үзэх хичээлийн тоонд орос, хятад хэл бичгээс гадна "...Ин (Англи), Фа (Франц) зэрэг улсын бичиг үсэг, үг хэлийг ... гол болговоос зохистой" гэжээ.

1926 онд Москвад суугаа Францын элчин сайд Жан Жюльс Эрбет, Монголын Бүрэн эрх барих элчин сайд Б.Буянчуулган нар олон удаа уулзаж Францад Монгол оюутнуудыг сургах, Монголд Францын эрдэмтэн судлаачдыг илгээх зэрэг асуудлаар ярилцаж байсан нь архивын баримтад үлджээ. Францад 1923-1926 онд Ленинградын Дорно дахины дээд сургуулийн амьд хэлний ангид суралцаж байсан Мэргэн хэмээх гүн М. Гомбожав, профессор Ж.Цэвээний эхнэр Бадамжав Цэдэновна нар Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор Парис хотод очиж тэр үеийн дэлхий дахинд нэртэй Францын Сорбонны их сургуулийн салбар Коллеж де Франсын Хятад судлалын салбарын удирдагч, дорно дахинч, монголч эрдэмтэн профессор П.Пеллиог дагалдан 1927-1929 оны хооронд ажиллажээ. Дараагийн ээлжид Парисын эдийн засгийн Мишлей лицейд (Lycee Michelet) сурахаар хожим төрийн шагналт, зоо техникч болсон Т. Аюурзана, хожим 1957 оны Монгол-Тувагийн хилийн хэлэлцээрт ГЯЯ-ны сайд С.Аварзэдийн хамт оролцож явсан нэрт геологич, эрдэмтэн доктор Ж.Дүгэрсүрэн, мөн Л.Уртнасан, Л.Намсрай нар явж 1926-1930 онд суралцсан.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр анхны гадаад паспорт монгол, франц хэлбичгээр 1925 онд хэвлэгдэн гарч байсныг дурдах хэрэгтэй.

зураг
 
Ерөнхий сайд А.Амарын худам монгол, франц хоёр хэл дээрх дипломат паспорт. 1932 он
Анх 1946 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Аюулгүйн Зөвлөлийн анхны санал хураалтад Франц улс “төлөө” санал өгч байсан. Энэ баримт бол Франц улс бүр 1946 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг de facto хүлээн зөвшөөрч байсан хэрэг юм. 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх сүүлийн санал хураалтад Франц улс байр сууриа дахин нотолсон бөгөөд 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоож, Франц Улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа тус тус нээсэн түүхтэй.

- 1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол Улс Өрнө дахинд нээлттэй болсон. Ингэснээр Монгол, Францын харилцааны шинэ үе эхэлсэн гэж үздэг. Энэ үеэс хоёр улсын харилцаанд ямар шинэчлэл, ахиц дэвшлүүд гарсан гэж та үзэж байна вэ?

- 1991 онд Францын Засгийн газрын гишүүн, ГЯЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Вивиэн Монгол Улсад ажлын айлчлал хийж "Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан нь Монголд хөгжиж эхэлж байсан зах зээлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн, гадаад улстай байгуулсан анхны олон улсын эрх зүйн баримт бичгийн нэг байв.

Энэ үед Францын харилцаа, холбооны “Alcatel” үндэстэн дамнасан корпорац техникийн хамтын ажиллагааны хүрээнд Францын Засгийн газрын 20 сая франкийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын харилцаа, холбооны аналог системийг шинэчилж, тоон технологид шилжүүлснээр 1991 оны гуравдугаар сард бидний түгээмэл хэрэглэдэг "976" гэсэн код бүхий олон улсын ярианы цоо шинэ гарцтай болсон байдаг.

1996 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Франц улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааны түүхэнд төрийн өндөр дээд түвшний анхны айлчлал болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, БНФУ-ын Ерөнхийлөгч Жак Ширактай уулзаж хоёр улсын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийж, айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэн зурсан нь Өрнөдийн гүрнүүдтэй ийм төрлийн хэлэлцээр байгуулсан анхны тохиолдол байв.

- 2023 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн. Та айлчлалын ач холбогдлыг хэрхэн үнэлж байгаа вэ?

- Францын Ерөнхийлөгч хоёр орны харилцааны түүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны тавдугаар сард анх удаа тус улсад Төрийн айлчлал хийснийг хоёр тал “түүхэн” хэмээн онцлон тэмдэглэсэн.

Айлчлалын үеэр гарын үсэг зурсан Хамтарсан Тунхаглалд "хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд ... Монгол Улс Франц Улсыг чухал Гуравдагч хөрш гэж үздэг бол Франц Улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог" гэж тэмдэглэснээр хоёр улсын харилцааны шинэ эринийг эхлүүлсэн.

Монгол Улс, Франц хоёр улс нь нийтлэг үнэт зүйлстэй. Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Долоогийн болон Хорийн бүлгийн гишүүн, Европын Холбооны үндэс суурийг тавилцсан, холбооны нөлөө бүхий гишүүн улс.

Европын Холбоо бол Монгол Улсын “гуравдагч хөрш” гэж Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан. 2013 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан “Монгол Улс, Европын Холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” 2017 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол, Франц хоёр улс нийтлэг үнэт зүйлстэй. Ер нь Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бүх улсуудтай стратегийн түншлэлийн харилцааны эрх зүйн үндсийг тавих нь маш чухал ач холбогдолтой. Монгол Улс Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь хэлэлцээрт нэгдсэн. Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Р5-ын орнуудын хамт Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статуст улс төрийн баталгаа гаргасан.

- Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь гуравдагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт гэдгээрээ тун онцлог байгаа. Мөн цаашид хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл нь цэвэр эрчим хүчний салбар гэж тодорхойлж байх шиг байна?

- 2022 оны хоёрдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон цөмийн эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж байгааг зарлаж, дурдсан хөтөлбөрийн хүрээнд 2050 он гэхэд шинээр 14 цөмийн реактор барьж байгуулахаар төлөвлөсний гадна 1970-аад оноос хойш ажиллаж байгаа зарим хуучин станцуудаа шинэчлэхээ мэдэгдсэн. Францын эрчим хүчний 70 орчим хувийг цөмийн цахилгаан станц хангадаг байна. Тиймээс Орос, Украины дайны үеэр 2022-2023 оны өвлийн эрчим хүчний хямралыг хамгийн хохирол багатай даван туулсан ЕХ-ны улс болсон. Үүний өмнөхөн 2022 оны хоёрдугаар сард Европын Холбоо цөмийн эрчим хүчийг “ногоон” буюу цэвэр эрчим хүчний ангилалд оруулах бодлогын баримт бичгийг баталсан. 2011 оны гуравдугаар сард Японд өндөр магнитудын газар хөдлөлт болж, үүний улмаас Фукушима Дайчи цөмийн станцад осол гарсан байдаг. Түүнээс хойших сүүлийн 10 жилд цөмийн цахилгаан станцын аюулгүй ажиллагааны технологийн хөгжүүлэлтэд үлэмж дэвшил гарсан гэж мэргэжилтнүүд нь онцолж байгаа билээ.

Францын Марсель хотын ойролцоо Франц улс тэргүүлэн ЕХ, АНУ, Япон, Энэтхэг, БНСУ, БНХАУ, ОХУ-ын хамтарсан “Халуун цөмийн нэгдлийн гинжин урвалын туршилтын реактор” барих төсөл 2020 оны зун хэрэгжиж эхэлсэн. Энэ төслөөр дэлхий дээр “хиймэл нар” гаран авснаар эрчим хүчний шавхагдашгүй эх сурвалжийг буй болгоно гэж үзэж байгаа юм.

1996 оноос Монгол, Франц ураны салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр Дорноговь аймгийн Зөөвч-Овоон ураны хүдрийг байгальд ээлтэй газар дор уусган шингээх шинэ технологиор олборлож, шар нунтаг боловсруулах хүртэл түвшинд хүрчээ.

Монгол Улс 192.2 мянган тонн батлагдсан ураны нөөцтэйгөөр дэлхийн нөөцийн 3 хувийг бүрдүүлж 10-т эрэмбэлэгдэж байгаа бөгөөд хайгуулын ажил зогссон байгаа нөхцөлд өнөөдрийн байдлаар Монгол Улсад 13 орд, 100 гаруй орчим илрэлүүд байгаа ажээ.

2023 оны аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Францын “Orano Mining” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурж, өнгөрсөн өвөл УИХ Монгол, Францын ураны салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээний эрхзүйн багц асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

Монгол, Францын хамтарсан ураны хүдэр боловсруулах төсөл нь 2024-2028 онд Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх тэргүүлэх 14 мега төслийн нэг юм.

Францын цөмийн станц Баруун Европын зургаан оронд эрчим хүч нийлүүлж байна. Тиймээс өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улс Францын цөмийн станцад түүхий эд нийлүүлснээр Европын цэвэр эрчим хүчний хөгжил, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйлсэд жинтэй хувь нэмэр оруулах боломжтой.

Монгол Улс эрчим хүчний 20 хувийг импортоор авч байгаа үед цөмийн эрчим хүчний тухайд баримтлах бодлогыг ч нааштайгаар эргэн харах шаардлага байгаа болов уу. Дотооддоо ураны хангалттай нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийг цогцлоох, эрчим хүчний хараат байдлаа бууруулах, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах чиглэлд ойрын ирээдүйд бага хүчин чадлын (300mgw) цөмийн эрчим хүчний станц байгуулах боломжийг судлах шаардлага буй.

2023 онд Франц, Монгол Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Ухнаагийн Хүрэлсүх нарын төрийн харилцан айлчлалын дүнд хагас жил хүрэхгүй хугацааны дотор хоёр орны харилцаа онцгой дотноссон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны намар Францад хийсэн Төрийн айлчлалын үеэр “Онцгой эрхт түншлэл”-ийг “Стратегийн түншлэл”-д хүргэхэд чиглэсэн “Монгол Улс, БНФУ-ын 2023-2028 оны хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө” -нд Монгол, Францын Гадаад харилцааны сайд нар Парис хотноо гарын үсэг зурсан.

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь хоёр улсын Төрийн тэргүүн нараас 2023 оны тавдугаар сарын 21-ний өдөр гаргасан Хамтарсан Тунхаглалын хүрээнд 2023-2028 онд хэрэгжүүлэх чиглэл, салбаруудыг тодотгосон хамтын ажиллагааны Замын зураг юм. Баримт бичиг нь:

  1. Улс төр, аюулгүй байдал,
  2. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт,
  3. Хөдөө аж ахуй,
  4. Уул уурхай, эрчим хүч,
  5. Тогтвортой хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа,
  6. Шинжлэх ухаан, технологи,
  7. Иргэд хоорондын харилцаа, боловсрол, соёл, археологийн салбарын хамтын ажиллагаа зэрэг найман үндсэн хэсэг, 56 заалттай юм.

Монгол Улсын хоёр хөрштэй хийж буй худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа нь тухайлбал хойд хөрштэй түлш шатахууны импорт голлосон, харин урьд хөрштэй түүхий эдийн экспорт голлосон шинж хэвээр байгаа юм. “Гуравдагч хөрш”-тэй хийж буй худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа нь илүү хагас боловсруулсан үйлдвэрлэл, шинэ үйлчилгээ, шинэ технологи, инновацад суурилж байна.

Францтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ирээдүйтэй салбар бол сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.

Түүнчлэн 2023 оны зургаадугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг санаачлан “гуравдагч хөрш” Франц, ХБНГУ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Эмэгтэй гадаад харилцааны сайд нарын анхдугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, уулзалтын үр дүнгийн талаар Улаанбаатарын Тунхаглал гаргасан нь нэн чухал ач холбогдолтой байсан.

Эцэст нь тэмдэглэхэд Монгол, Францын харилцааны нэгэн жаран бол ахиц дэвшлээр дүүрэн он жилүүд байсан.

20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг