Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрт илрүүлгийн төсвөөс ₮8 тэрбумыг татаж, хүүхдийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 8 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн /ЭМДҮЗ/ ээлжит VI дугаар хуралдаан өчигдөр /2025.8.14/ болжээ. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт оруулах  болон цаг үеийн шаардлагатай зохицуулалтыг тусгаж баталсан байна. Тодруулбал,

  • Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд квотын хязгаар тавихгүй
  • Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс 8 тэрбум төгрөгийг татаж хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд он дуустал зарцуулахаар шийдвэрлэв.

ЭМДҮЗ-ийн шийдвэрлэсэн 8 тэрбум төгрөгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ наймдугаар сараас 2025 оныг дуустал архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээгдэж буй 1,250 орчим хүүхдийн мэс заслын тусламж, 1,100 орчим хүүхдийн дотрын эмчилгээний тусламжийг үзүүлэх санхүүжилт хүрэлцээтэй болжээ. ЭХЭМҮТ -д жилдээ 40 гаруй оношийн хамааралтай бүлгээр архаг ангиллаар 4,400 орчим мэс засал хийгдэж, 4,100 орчим хүүхэд эмэн эмчилгээнд эмчлүүлдэг.

0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцах хуулийн хүрээнд 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг хувиар тооцож 137.7 тэрбум төгрөг даатгалын санд шилжүүлсэн ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь 211.8 тэрбум төгрөгт хүрч 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Харин 2025 оноос эхлэн нэг биш хоёр хувь болгож нэг хүүхдэд ногдох эрүүл мэндийн даатгалын шимтгэлд улсын төсвөөс хөдөлмөр хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийн 2% иар тооцон нэг сарын 13,200 буюу жилд нийт 158,400 төгрөг төлж байна. 

2025 оны эхний зургаан сарын байдлаар 105.2 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогод улсын төсвөөс олгосон бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхдийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний зардалд 173.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тодруулбал оны эхний хагасын байдлаар хүүхдийн тусламж үйлчилгээний улмаас ЭМД 73 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм.