АНУ-ын Арканзас мужид эртний галт уулын дэлбэрэлтээс үүссэн тогоонд алмааз эрдэнийн чулууны томоохон орд байдаг.
Мужийн захиргаа 1972 онд өмнө нь уурхай ажиллаж байсан 14 га талбайтай энэ газрыг тусгай хамгаалалтад авч, хүссэн хүмүүст өдрийн $15-ын хураамжаар хайгуул явуулах боломж олгодог үйлчилгээ нээж байжээ.
Тэр үеэс хойш сайн дурын хайгуулчид нийт 35,000 гаруй үнэт чулууны хэлтэрхий олж, хувьдаа авсныг “Crater of Diamonds State Park” хүрээлэнгийн захиргаа мэдээлсэн байдаг.
Хүрээлэнгийн ажилтнууд хүмүүсийн хайгуулыг хөнгөвчлөхийн тулд хөрсийг үе үе хагалж, суллаж өгдөг юм байна.
Тэгвэл сүйн бөгжиндөө шигтгэх чулуу олж авахаар энд ирсэн Нью-Йорк хотын оршин суугч эмэгтэй олон өдрийн турш хайсны үр дүнд 2.3 каратын цагаан алмааз олсныг хүрээлэнгийн захиргаа өчигдөр мэдээлжээ.
Мичер Фокс хэмээх 31 настай энэ эмэгтэй өнгөрсөн долдугаар сараас хайгуулаа эхэлсэн юм байна.
Найдвар тасраад хайгуулаа зогсоохоор шийдсэн Фокс хамгийн сүүлийн өдрөө уг чулууг олж чаджээ.
Гайхамшиг тохиолдсоны дараа “Би өвдөг сөгдөн уйлж, дараа нь инээж эхэлсэн” гэж тэр хэвлэлд ярьсан байна.
Фоксын олсон зүйл нь энэ он гарснаас хойш тус хүрээлэнгийн газраас олдсон 350 гаруй чулууны дотроос хэмжээгээрээ гуравт орж байгаа гэнэ.
АНУ-ын түүхэнд хамгийн том алмааз эрдэнийн чулууг 1924 онд эндээс олборлож байжээ.
“Uncle Sam” нэртэй энэ ягаан туяатай алмааз анх олдохдоо 40.23 каратын хэмжээтэй байсан бөгөөд сүүлд засаж янзалсны дараа 12.42 каратын хэмжээтэй эрдэнийн чулуу болсон байна.
Одоо энэ эрдэнэ нийслэл Вашингтон хотын Байгалийн Түүхийн Музейд хадгалагдаж байдаг.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!