Олны танил хүмүүсийн хүүхдүүд бусдын биед халдсан хэрэг өнгөрсөн сарын 19-нд гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нар “Канте” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс долдугаар сарын 23-ны өдөр Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Гэтэл энэ сарын 8-ны өдөр өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Ц.Санжаачойпэлийг суллах шийдвэрийг шүүх гаргаад байсан юм.
Тэгвэл дээрх шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан прокурорын хүсэлтийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 15-нд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн талаарх шүүгчийн тайлбарыг танилцуулж байна.
"Тус шүүхийн 2025 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаартай “Өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!