Улсын нийслэл Улаанбаатарт "бүтээн байгуулалт" ид өрнөж байна.
Наадмын дараа намар гэдэг ч бараг л бүтэн сар наадсаны эцэст саяхнаас явган хүний замын хавтангуудаа солих, орон сууцнуудыг дулаалах ажилдаа ханцуй шамлан орцгоолоо.
Төв замын урд, хойд хоёр талаарх явган хүний замыг бүгдийг нь шахам хуулаад, шороон манаргахтай зэрэгцээд хуучин орон сууцнуудыг дулаалж буй. Ингэснээр явган хүний шороон замаар ч явах боломжгүй болж, нийслэлчүүд овоолсон шороо, өргөгч машиныг тойрон, мод бутан дундуураа орж явахаас өөр аргагүй болов.
Албаны хүмүүсийн анх өгч байсан мэдээллээр баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх явган замыг есдүгээр сард багтаан шинэчилж дуусгана гэсэн юм. Гэхдээ наймдугаар сарын 11-ний байдлаар "Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын хавтанг чулуугаар солих ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна. Цэцэг төвийн уулзвар хүртэлх явган хүний замыг чулуун болгох ажлын явц төлөвлөгөөнөөс хоцролттой, хугацаандаа дуусгахгүй бол шаардлагатай арга хэмжээг авна" гэж нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай мэдэгдсэн.
Хотын олон хэсэгт өрнөж буй өөрчлөн шинэчлэлтийн ажлын Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх хэсгийг гэрэл зурагт буулгасныг хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!