Увс аймгийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ю.Д.Оруспай, Тува улсын мал эмнэлгийн албаны дарга Айкыс Валерьевна, “Мясо Тувы” ХХК-ийн захирал В.И.Ендан нар 08 сарын 13-14-нд Улаангом хотноо хүрэлцэн иржээ. Хүндэт зочдыг Засаг даргын орлогч Э.Баатарсан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзсан байна.
Тува улсын ХХАА-н сайд Ю.Д.Оруспай саяхан Москва хотод ОХУ-ын ХХАА-н сайдтай уулзаж Монгол Улсаас мах нийлүүлэх квот олгох хүсэлт гаргасан байна. Энэ хүрээнд Увс аймгаас мах нийлүүлэх боломж ойрхон байгаа гэв.
Уулзалтад Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн захирлууд оролцсон бөгөөд тэд махны үйлдвэртэй танилцуулж, аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ байгуулж, ямар төрлийн махыг ямар хэмжээтэй нийлүүлэх, мөн төлбөрийн нөхцөлийн талаар ажил хэргийн шугамаар уулзаж урьдчилсан яриа хэлэлцээ хийв.
Түүнчлэн Тува улсын албаны хүмүүст аймгийн мал эмнэлгийн газрын дарга Д.Ганхуяг явуулын лаборатори болон байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулж туршлага судлах, ирэх жил Кызылд зохион байгуулах олон улсын хамтарсан сургуулилалтад Увс аймгийн мал эмнэлгийн албаны ажилтнуудыг оролцуулахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: УВСЫН МЭДЭЭ /uvs.news/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!