Өнгөрсөн шөнө Аляскын Анкориж хотод АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Украины асуудлыг хэлэлцэхээр уулзсан билээ.
Трамп, Путин нар эхлээд тус тусын нисэх онгоцноос буусны дараа улаан хивсэн дээр алхаж, гар барин мэндчилсэн байна.
Тэдний уулзаж буй газар нь Хүйтэн дайны үед Зөвлөлтийн аюулаас АНУ-ыг хамгаалахад чухал үүрэгтэй байсан Элмендорф-Ричардсоны Хамтарсан Цэргийн Бааз юм.
Трамп, Путин нарыг зэрэгцэн алхаж байхад эргэн тойронд нь F-22 сөнөөгч онгоцнууд байрлаж байв.
Бас нэг сонирхолтой зүйл тохиолдсон нь ерөнхийлөгч нарын дээгүүр АНУ-ын B-2 стратегийн бөмбөгдөгч онгоц, дөрвөн F-35 сөнөөгч онгоцоор хүрээлүүлэн нисэж өнгөрсөн явдал байлаа.
Энэ үеэр Путин тэдгээрийг харж, түр саатсан юм.
Уг B-2 бөмбөгдөгч нь өнгөрсөн зургаадугаар сард Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөх “Midnight Hammer” ажиллагаанд оролцож байлаа.
Баасан гарагийн уулзалтын өмнөхөн ойролцоох Эйелсоны Агаарын Баазаас хоёр ширхэг B-2 бөмбөгдөгч Элмендорф-Ричардсоны баазыг чиглэн ниссэнийг Пентагоны албаны эх сурвалж баталсан юм.
Ингэхийг ерөнхийлөгч Трамп тушаасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сүүлийн үед Трамп энэхүү онгоцны хүчин чадлыг гайхуулан ярих нь нэмэгдсэн юм.
Наймдугаар сарын 6-нд тэр B-2 бөмбөгдөгчийн шинэ загварыг зохион бүтээх захирамж гаргаснаа мэдээлэхдээ уг онгоцны жижгэрүүлсэн загварыг гартаа барьж зогсоод “Энэ бол гайхамшигтай машин” хэмээн хэлж байжээ.
Трамп, Путин нарын уулзалтын өмнөх бас нэг сонирхолтой агшин бол ОХУ-ын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай хамгаалалттай лимузинээр зорчсон явдал байлаа.
Эх сурвалж: NBC News, New York Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!