Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршлын 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өнөөдөр зохион байгуулж эхлээд буй.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг "Нийслэлийн зургаан дүүрэгт байгаа 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээс одоогийн байдлаар 60-ыг нүүлгээд байна. Үлдсэн 60 ТҮЦ-ийг өнөөдөртөө багтааж нүүлгэн шилжүүлнэ.
2025 оны дөрөвдүгээр сараас газар чөлөөлөх арга хэмжээг авч эхэлсэн. ТҮЦ эрхлэгчдийн холбоо буюу гурван холбоотой 3-4 удаагийн уулзалтыг зохион байгуулж нийслэлээс 1,669 ажлын байр, 48 зах худалдааны төвд лангуу түрээслэх саналыг тавьсан ч зарим иргэн ирээгүй. Өнөөдрийн байдлаар ТҮЦ эрхлэгч 22 иргэн лангуу түрээсэлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.
ТҮЦ эрхлэгчдийн холбоодоос "ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг ТҮЦ эрхлэгчдийн холбоонд өгөх, автобусны буудал бүр дээр хоёр ТҮЦ байршуулах" гэсэн хоёр шаардлагыг нийслэлд тавьсан ч хүлээн зөвшөөрөөгүй.
Өнөөдрийг хүртэл ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулахаас гадна улсын шугам сүлжээнээс цахилгаан эрчим хүчийг авах, хяналтын баталгаагүй бараа бүтээгдэхүүн болон тамхи зарж байна. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Худалдаа үйлчилгээний газраас хяналт шалгалт хийлгэхгүй, албан хаагч нарыг доромжилж, хөөж явуулж байгаа тул яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч байна.
Нийслэлийн хэмжээнд 1,600 орчим ТҮЦ байгааг хавраас хойш чөлөөлсөн боловч 100 гаруй байршил дээр 2-3 удаа ч буцааж байршуулсан асуудал гарсан. ТҮЦ чөлөөлсөн байршлуудаа хамгаалах арга хэмжээ авч, дахин ТҮЦ тавиулахгүй" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!