Маршаллын арлууд улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн үндэсний шигшээ багтай болж, анхны олон улсын тэмцээндээ оролцжээ.
Номхон далайн 40,000 орчим хүн амтай энэ улсыг “хөлбөмбөгийн баггүй дэлхийн сүүлчийн улс” хэмээн хочилдог байв.
Пүрэв гарагт тус улсын шигшээ баг АНУ-ын Арканзас мужийн Спрингдэйл хотод ФИФА-гийн чансаанд дэлхийн 210 орноос 207 дугаарт эрэмбэлэгддэг АНУ-ын Виржин арлуудын багтай тоглож, 4:0 харьцаагаар хожигдсон байна.
Маршаллын арлуудын Хөлбөмбөгийн Холбоо хэдийгээр олон онооны зөрөөтэй хожигдсон ч “анхны тоглолтоороо үнэхээр их бахархаж байгаа”-г Фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
Тус улсын шигшээ багийг Английн Оксфордшир мужийн Банбери хотоос ирсэн мэргэжилтэн Ллойд Оуэрс дасгалжуулсан юм байна.
Тэрбээр “Тоглолт ямар ч үр дүнтэй дууссан бид хийсэн зүйлээрээ бахархаж байна. Энэ орой бид түүх бичлээ” гэж хэлжээ.
Одоо Маршаллын арлуудын баг ФИФА-гийн чансааны 206-д жагсдаг Теркс ба Кайкос арлын багтай тоглох юм.
АНУ-ын нутаг дэвсгэрт арлын дөрвөн жижиг улсын хооронд зохион байгуулагдаж буй энэ тэмцээнийг Маршаллын арлуудын Хөлбөмбөгийн Холбоо санаачилсан юм байна.
Үүний зорилго нь тус улсын шигшээ баг ФИФА-д элсэж, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөх ажээ.
“Бидэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тоглогчид байгаа. Бас АНУ-д тоглож байсан туршлагатай хүмүүс ч байгаа. Гэхдээ бид тэднийг Маршаллын арлуудын тоглогчидтой нэгтгэж, нэг баг болгохыг зорьж байна” гэж дасгалжуулагч Оуэрс ярьсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!