Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Жанчив: Эрэн сурвалжлагдаж буй Д.Отгонбаяр нь "Хурд групп" ХХК болон Б.Чойжилсүрэнтэй ямар нэгэн төрөл садан, холбоо хамааралгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд "Хурд групп" ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байсан хүн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан талаар мэдээлэл гарсантай холбогдуулан тус группийн хуулийн зөвлөх Г.Жанчивтай уулзаж, тодруулга авлаа. 


- Иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэх Д.Отгонбаяр нь "Хурд групп" ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн захирал гэх мэдээлэл үнэн үү. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй ямар холбоо хамааралтай вэ?

- Дамжингийн Отгонбаяр гэх иргэн бусдыг 10 тэрбум төгрөгөөр залилсан, хохироосон гэх мэдээлэл гарч байна. Д.Отгонбаяр нь "Хурд групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн болон түүний гэр бүлийн хүн Энхгэрэлтэй садан төрлийн холбоотой гэх мэдээлэл яваад байгаа дээр албан ёсны тайлбар өгөх ёстой болов уу. 

Нэгдүгээрт Д.Отгонбаяр нь "Хурд групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн болон түүний гэр бүлийн хүн Энхгэрэлтэй ямар нэгэн садан төрлийн холбоо хамааралгүй. Б.Чойжилсүрэнгийн эхнэр Энхгэрэл нь Ховд аймгийн хүн, Д.Отгонбаяр нь Увс аймгийн Тэс сумын гаралтай хүн учраас ямар нэгэн садан төрлийн холбоо хамаарал байхгүй.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Хурд групп" ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн захирал гэдэг асуудал гарсан. Д.Отгонбаяр нь "Хурд групп" ХХК-ийн охин болон туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байгаагүй. Харин "Хурд групп" ХХК-ийн барьж буй төслүүд дээр Д.Отгонбаярын ах Дамжингийн Дашцэрэн гэх хүн гэрээгээр ажил гүйцэтгэж байсан удаа бий. 

"Б.Отгон нь сэтгүүлчээр олон жил ажилласан атлаа Б.Чойжилсүрэнгийн хадам дүү, ErenNews-ийн зүгээс эхнэрийнх нь дүү гэдэг ташаа мэдээлэл тараасандаа залруулга хийхийг хүсэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Иргэдээс 10 тэрбум төгрөг залилсан гэх мэдээлэл нь үнэн үү? 

- Д.Отгонбаяр нь иргэдийг залилсан үйлдэл гаргасан. Ингэхдээ "Хурд групп" ХХК-ийн барьж байгуулсан төслүүдээс байр зарна гэдэг нэрээр иргэдийг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон. Яг хохирлын хэмжээг сайн мэдэхгүй байна.

Тэрбээр залилан хийхдээ "Хурд групп" ХХК-ийг давхар хохироосон. Энэ асуудлаар манай компани 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан.

Мөн 2024 оны есдүгээр сард гомдлын шалгалтын явц юу болж байгаа, Д.Отгонбаяр гэх иргэний залилах гэмт хэргийн үйлдэл дахин үргэлжилж байна гэдэг агуулгаар цагдаагийн байгууллагад дахин гомдол гаргасан. 

Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын мөрдөн шалгах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газрын Залилан, мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Отгонбаяр нь оргон зайлсан. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас Д.Отгонбаярыг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа байршуулсан.

Энэ мэдээллээс улбаалж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бодит байдлаас зөрүүтэй мэдээ тараасан. Тухайлбал сэтгүүлч Баасанжавын Отгон, ErenNews нар бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл тараасан гэж харж байгаа.

Б.Отгон сэтгүүлчийн зүгээс Б.Чойжилсүрэн, Д.Отгонбаяр, түүний эхнэр Э.Гэрэлмаа гэдэг хүний зурагтай мэдээллийг өөрийнхөө сошиал хуудсандаа оруулахдаа Б.Чойжилсүрэнгийн хадам дүү бусдыг залилсан юм шиг мэдээлэл түгээсэн. Тэгэхээр олон нийтэд Б.Чойжилсүрэнгийн эхнэрийн дүү бусдыг залилсан, үүнд нь "Хурд групп" ХХК хамааралтай юм шиг ойлголт өгөөд байна. 

Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодитой зүйлийг дамжуулах үүрэгтэй. Гэтэл Б.Отгон нь сэтгүүлчээр олон жил ажилласан атлаа Б.Чойжилсүрэнгийн хадам дүү, ErenNews-ийн зүгээс эхнэрийнх нь дүү гэдэг ташаа мэдээлэл тараасан. Үүндээ залруулга мэдээлэл гаргахыг хүсэж байна. Хэрэв залруулга хийгээгүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

- Д.Отгонбаярын ах нь "Хурд групп" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэхээр холбоо хамааралтай байсан юм биш үү. Тухайн иргэн танай группийн тамга тэмдэг ашиглаж хэрхэн залилан хийсэн бэ?

- Дамжингийн Отгонбаярын ах Дамжингийн Дашцэрэн гэдэг хүн манай тодорхой төслүүд дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Эс бөгөөс "Хурд групп" ХХК нь Д.Отгонбаяртай шууд хамааралтай ажил үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол байхгүй. 

Дамжингийн Дашцэрэн гэдэг хүнтэй ажиллаж байх хугацаанд байгууллагын тамга тэмдэг ийм байдаг гэдгийг олж мэдсэн байх. Үүнийг дамжуулж тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, бусдыг хохироосон үйлдэл байж болзошгүй, таслан зогсоож өг гээд цагдаагийн байгууллагад хандсан. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээр Д.Отгонбаяр гэх иргэн нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст 2014 он хүртэл цагдаагийн ахмад цолтой болтлоо ажилласан. Түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан. Гэрэлмаагийн аав болон ээж нь прокурорын байгууллагад олон жил ажилласан гэдэг мэдээлэл байгаа. 

Тэгэхээр Д.Отгонбаяр, Э.Гэрэлмаа нар нь хууль хүчний байгууллагад олон жил ажилласан нөхцөл байдлаа ашиглаж, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулсан, оргон зайлсан гэж бидний зүгээс хардаж байгаа. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр бол эхнэрт нь хилийн хориг тавьсан, Монголд байгаа гэсэн. Гэхдээ бид нар огт уулзаагүй. 

"Өнгөрсөн хугацаанд "Хурд групп" ХХК-ийн зүгээс байр захиалсан иргэдийг залилсан, хохироосон үйлдэл гаргаж байгаагүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Танай зүгээс олон нийтийг төөрөгдүүлсэн бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацсан гэж үзэж байна. Ийм мэдээлэл цацахын цаад зорилгыг юу гэж харж байгаа вэ? 

- "Хурд групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн нь бизнес болон улс төрийн салбарт тодорхой байр суурь эзлээд явж байгаа. Улс төр болон бизнесийн өрсөлдөгч нар бий. Өрсөлдөгч нар нь ийм нөхцөл байдлыг ашиглаж шударга бусаар өрсөлдөж буйн нэг хэлбэр гэж харж байна. Энэ байдал даамжирвал бид холбогдох хуулийн байгууллагуудад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэхээ мэдэгдье.

- Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу? 

- "Хурд групп" ХХК барилгын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд "Хурд групп" ХХК-ийн зүгээс байр захиалсан иргэдийг залилсан, хохироосон үйлдэл гаргаж байгаагүй. Цаашдаа ч бизнесийн ёс зүйг баримталж ажиллана. 

"Хурд групп" ХХК-ийн барьж байгуулсан төслөөс байр болон үйлчилгээний талбай авах гэж буй иргэд иймэрхүү залиланд өртөхгүй байхын тулд "Хаан товер"-ын гуравдугаар давхарт байрлаж буй борлуулалтын албанд хандаарай. Илүү хямд байр худалдаж авах гээд өөрийгөө хохироохоос сэргийлээрэй. Манай группийн албан ёсны борлуулалтын газар ганцхан байгаа бөгөөд "Хаан товер"-ын гуравдугаар давхарт байрладаг.