Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн газрын зургийг зөв дүрслэх уриалгад Африкийн Холбоо нэгдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

16 дугаар зууны үед бий болсон Меркаторын аргаар дэлхийн газрын зургийг дүрслэх явдлыг зогсоох хөдөлгөөнд Африкийн Холбоо нэгдэж байгаагаа мэдэгджээ.

Зураг зүйч Жерардус Меркаторын далайн аялалд зориулж бүтээсэн энэ аргаар дэлхийг дүрслэхэд Умард Америк, Гринланд зэрэг хойд туйлд ойр бүс нутгуудыг бодит хэмжээнээс нь томруулж, Африк, Өмнөд Америк тивүүдийг бодит хэмжээнээс нь жижгэрүүлж харуулдаг юм.

“Энэ бол зүгээр л газрын зураг мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ тийм биш юм” гэж Африкийн Холбооны комиссын орлогч дарга Селма Малика Хаддади хэлжээ.

Уламжлалт газрын зураг нь нэг тэрбум гаруй хүн амтай, дэлхийн хоёр дахь том тивийн талаар буруу, гажуудсан мэдээлэл түгээж, хэвлэл мэдээлэл, боловсрол, улс төрд нөлөөлж байгааг тэр онцолсон байна.

Африкийн Холбоо нь 55 гишүүн оронтой юм.

Меркаторын газрын зургийг өөрчлөх уриалгыг “Correct the Map” хөдөлгөөн анх санаачилж байв. Уг хөдөлгөөнд “Africa No Filter”, “Speak Up Africa” зэрэг Африк тивийн байгууллагууд нэгдсэн байдаг.

Тэд дэлхийн бүх тив, улс орнуудыг бодит хэмжээгээр дүрсэлсэн “Equal Earth” төслийн 2018 онд боловсруулсан газрын зургийг албан ёсны хэрэглээнд нэвтрүүлэхийг уриалдаг юм.

зураг
 
`Equal Earth` төслийн газрын зураг

“Африкийн одоогийн газрын зураг дээрх хэмжээ буруу. Энэ бол дэлхийн хамгийн удаан үргэлжилж буй, хамгийн том худал мэдээллийн кампанит ажил бөгөөд үүнийг зүгээр л зогсоох ёстой” гэж “Africa No Filter” байгууллагын гүйцэтгэх захирал Моки Макура хэлжээ.

Меркаторын зургийг одоо ихэнх сургууль, боловсролын байгууллагууд, технологийн компаниуд ашигласан хэвээр байгаа.

Google Maps үйлчилгээ дэсктоп хувилбараа 2018 онд Меркаторын зургаас гурван хэмжээст дүрслэлд шилжүүлсэн боловч хэрэглэгч хүсвэл Меркатор хувилбарт буцаж боломжийг нээлттэй үлдээсэн байдаг.

Харин гар утасны хувилбартаа Меркаторын зургийг хэвээр үлдээсэн юм.

“Correct the Map” хөдөлгөөн Дэлхийн Банк, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудад Меркаторын зургаас татгалзаж, “Equal Earth” төслийн зурагт шилжихийг уриалсаар байгаа.

 

Эх сурвалж: Reuters