Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн сонгон шалгаруулалтаас хасагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд өнөөдөр Боловсролын Яамны гадна мэдээлэл өгөв.
Энэ үеэр Монгол Улсын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн болдгийн хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан, шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Тухайлбал БЗС-г тойрсон асуудал үргэлжилсээр байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл дараах байдлаар тайлбарлаж, энэхүү тодорхой бус нөхцөл байдалд дорвитой шийдэл хэрэгтэйг хэллээ.
Өнгөрсөн жил 62 хүүхэд тус зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад сурах эрхтэй болжээ.
Гэвч шалгуурт тэнцсэн 62 хүүхдээс найм нь үл хөдлөхийн барьцаагүй шалтгаанаар гэрээгээ байгуулж чадаагүй. Мөн нэг хүүхэд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан байна. Гэтэл Боловсролын сайдын тушаал дээр 62 хүүхэд бүгдээрээ сургуульдаа явсан мэт харагддаг.
Гэрээ байгуулсан хүмүүсийн оронд хэн орсон нь маш ойлгомжгүй. Тиймээс ил тод, шударга байх зарчим дээр эцэг, эхчүүд нэгдэж байгаагаа илэрхийлэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг зөрчсөн КЭЙС...
БЗС-аас зээл авах гэж байгаа энгийн иргэд цахимаар бүртгэлээ хийлгэдэг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг заавал өөрийн биеэр очиж, материалаа хүлээлгэн өгөхийг шаардсан байна.
Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд бүртгэл хийлгэжээ.
БЗС-гийн шаардлагын дагуу хүүхдүүд материалаа аваачиж өгөхөд тэдний бичиг баримтын бүрдэл, бүртгэлийг шалгаагүй. Очоод нарийн бичгийнх нь ширээн дээр материалаа тавиад гарсныг хэлж байлаа.
Эрүүл энгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ялгамжтай хандсан уг асуудлын хүрээнд эцэг, эхчүүдийн төлөөлөл ярихдаа "Монгол Улсад 638 нэр төрлийн хөгжлийн бэрхшээл байна.
Тэдгээр хүмүүс ямар асуудлыг туулж БЗС дээр очих вэ? Эрүүл энгийн иргэд нь гэрээсээ бүртгэлээ хийлгэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь заавал очих ёстой гэдэг.
Залгахаар БЗС-гийн 70047009 гэх мэдээлэл өгөх утас нь болдоггүй. Тус сангийн сайт руу ороход "Гадаадад суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай" ямар ч мэдээлэл байдаггүй. Мэдээлэл өгөх суваг юу ч байхгүй.
Энэ жил 17 хөгжлийн бэрхшээлтэй хүн өргөдлөө өгснөөс дөрвийг нь л тэнцүүлжээ. Гэхдээ тэнцсэн дотор дахиад асуудал байна. Тэд энэ намар явж чадахгүй болж байгаа. Одоог хүртэл тушаал шийдвэр нь гараагүй. Цаад сургуульдаа бүртгүүлж чадаагүй бас л гомдолтой.
Дахиад л энэ хүмүүсийг чирэгдүүлмээргүй байгаа учраас Монгол Улсын Ерөнхий сайдад хаяглаад ил захидал хүргүүлж байна" гэдгээ учирлаж байв.
Компьютерын шинжлэх ухааны мэргэжлээр Торонтогийн их сургуульд тэнцсэн хүүхдийн жишээ:
Түүний ээж хэлэхдээ "Манай хүүхдийн хувьд дэлхийд эрэмбээрээ 21-т ордог Торонтогийн их сургуулийн бакалаврын зэрэгт тэнцээд 2025 оны сонгон шалгаруулалтад оролцсон байгаа.
Манай хүүхдийн хасагдсан шалтгаан нь журмын 2.2, 3.2.7 гэсэн хоёр заалт дээр унасан. Тус журмын
БЗС-гийн хүмүүс “Дэлхийн топ сургуулиуд зургаан сар дотроо сургалтын төлбөрийн нэхэмжлэл гардаг сургууль байхгүй” гэдгийг мэддэггүй буюу судлаагүй.
Торонтогийн их сургуулийн тухайд долдугаар сарын 17-ноос эхлээд кредит цагаа сонгоод процесс эхэлдэг. Ингээд аравдугаар сарын 30-н буюу семестрийн төгсгөлд тухайн хүүхдийнхээ тэтгэлгийг хасаад дүн нь гардаг.
Манай хүүхэд тус сургуульд 40 хувийн тэтгэлэгтэй тэнцсэн.
Тэгвэл бид юунд гомдолтой байна вэ?
Торонтогийн их сургуульд тэнцсэн хүүхдүүдээс 11 нь Боловсролын Зээлийн Санд хамрагдсан байгаа. Гэхдээ эдгээр 11 хүүхдийг судлаад үзэхээр манай хүүхдийн авснаас өндөр тэтгэлэгтэй хүүхдүүд байгаа юу гэвэл, тийм.
Бүр огт тэтгэлэггүй хүүхэд яг компьютерын шинжлэх ухаан гэдэг мэргэжлээр тэнцсэн тушаалыг харсан.
Энэ хүүхдүүд яаж тэнцсэн юм бэ? Тэдэнд сургалтын нэхэмжлэл очоогүй. Дээр нь тэтгэлэггүй, маш өндөр төлбөртэй сурахаар байгаад байна. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа.
Яагаад хассан бэ? гэдгийг тайлбарласан О.Сийлэгмаа даргын нэр бүхий сайтад өгсөн мэдээллийг уншихаар “Суудал баталгаажуулсан баримт байх ёстой” гэжээ. Журамд тийм баримт байх ёстой гэсэн ганц үг, үсэг, өгүүлбэр байгаагүй шүү.
Сонгон шалгаруулалтад оруулж анкет бөглүүлж авахдаа хүүхэд болгоноос тухайн сургуулийн сайт руу ордог нэвтрэх нэр, нууц үгийг авсан.
Яах гэж тэр нууц үгийг авсан юм бэ? Тухайн хүүхэд үнэхээр тэр суудлаа баталгаажуулж уу, үгүй юу гэдгийг л харах гэж авсан байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө орж хараагүй. Тэгээд автоматаар хасчихсан.
Тэргүүлэх мэргэжлээр 40 хувийн тэтгэлэгтэйгээр дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн хүүхдэд оноо тавих боломжгүй гээд шууд автоматаар хассан. Үүний шалтгааныг асуухаар хүний оролцоогүй явагдсан гэж тайлбарладаг. Үнэхээр шударга бус явдал.
Аутизмын эмгэгтэй ч хичээн суралцаад IELTS-ийн зургаан оноо авч, коллежид орох эрхээ баталгаажуулсан хүүгийн ээж ярихдаа...
2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан байдаг.
Тус хуулийн 15.6-д, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь гадаад дотоодын их, дээд сургуульд тэнцсэн бол (техникийн, мэргэжлийн, дипломын бакалавр, магистр, доктор)-т сурахад төрийн зээлийн сангаар дамжуулан санхүүжилт олгож төр иргэдээ харж хандана гэх зохицуулалтыг тусгасан.
Үүний дагуу Монгол Улс анх удаа 2024 онд хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг явуулсан. Ингэхдээ тухайн сургууль дэлхийн 100-д багтсан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.
Монгол Улсын 3.5 сая хүн амын 14,600 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд.
14,600 хүүхэд, тэдний эцэг эхийн өмнөөс өнөөдөр төр засагт, ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт үг даймаар байна.
Энд хүүхдийн эрх зөрчигдөөд байна.
Манай хүүхэд аутизмтай. Боловсролын салбар аутизмтай хүүхдүүдийг дотооддоо сурах боломжгүй болгосон. Үүнд дахиад хүүхдийн эрх хөндөгдөнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх яригдана.
Боловсролын салбарт гадуурхагдаад сүүлдээ авах сургууль ч олдоогүй. Шалтгаан нь юу вэ гэхээр энэ хүүхдийн аюулгүй сурч боловсрох орчин нөхцөл манай сургууль дээр байхгүй гэдэг тайлбарыг захирлууд нь гаргаж байсан.
Танай хүүхэд энгийн хүүхдүүд дунд байхад аюулгүй байх боломж алга гэдэг.
Аутизмтай есдүгээр ангийн боловсролтой хүүхэд IELTS-ийн зургаан оноогоо өөрөө хичээж аваад коллежид суралцах эрхээ авчихсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн 15.6, Боловсролын ерөнхий хуулийн 11.3, 11.4, сая дурдсан 215 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцах боломжтой байхад Боловсролын Зээлийн Сан, Боловсролын Яамнаас өөр өөр хуулийн заалтуудыг авчирч наагаад татгалзаад байгаа юм.
Манай хүүхдийн жишээнээс харвал дөрвөн жилийн хугацаанд нийт 65,000 австрали долларын төлбөртэй. Төгрөгөөр бодвол 150 саяыг дөрвөн жилийн хугацаанд сураад бакалаврын боловсрол эзэмших боломжтой байгаа.
Гэтэл БЗС-гийн О.Сийлэгмаа дарга “Хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнд нэг тэрбум төгрөг зарцуулахаар байна” гэдэг мэдэгдлийг өчигдөр Төрийн ордонд өгөөд сууж байгаа нь үнэхээр харамсалтай.
Үүнийг холбогдох төрийн байгууллага, Ерөнхий сайд анхааралдаа авах хэрэгтэй. Яагаад худал мэдээлэл өгөөд байгаа юм бэ?
Бүх сургууль ижил төлбөртэй байх боломжгүйг ярьж, БЗС-гийн асуудлын хүрээнд шаардлага хүргүүлэх тухайгаа хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!