Томоохон газар хөдлөлтийн араас шуугиад өнгөрөх биш, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхийн тулд юуг хийх ёстой вэ, шат дараатай арга хэмжээнд хэрхэн урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх вэ гэдэгтээ анхаарах нь чухал гэдгийг “Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд онцлов.
Тус төслийн хамт олон газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг буруулахын тулд барилга хүчитгэх ажлыг хийх юм байна.
“Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд "Монгол Улсын нийт газар нутгийн 66 хувь нь газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд хамаардаг. Харин Улаанбаатар хотын газар нутгийн 98 хувь нь 7-8 баллын, газар хөдлөлтийн идэвхжилтэй бүсэд тооцогддог. Нийслэл хотод 120 орчим мянган байшин барилга бий6 Орон нутагт 12 мянган барилга бий.
Өмнө нь олон улсын байгууллага болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан судалгаагаар Улаанбаатарт 7-8 баллын хүчтэй газар хөдөлбөл нийт барилга байгууламжийн 40 орчим хувь нь онц ноцтой эвдрэл гэмтэл учрах магадлалтай гэсэн тооцооллыг гаргасан.
Томоохон газар хөдлөлтийн хор хохирлоос бид сургамж авч байх ёстой. Шуугиад өнгөрөх биш газар хөдлөлтийн гамшгаас бид яаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шар дараатайгаар урт хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдгээ боддог байх хэрэгтэй.
Хяналт шалгалтын газраас дөрөвдүгээр сарын 16-нд зохион байгуулсан зөвлөгөөний үеэр нийт 2,341 барилга байгууламж барилгын даацын элементийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн байгааг танилцуулсан. Үүний 55 хувь нь орон сууцных, үлдсэн нь үзвэр үйлчилгээ, цэцэрлэг, сургууль, олон нийтийн барилга байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Эдгээр нь бага хэмжээний чичирхийлэлд эвдэрч гэмтэх, хүний амь сүйдэх аюултай учраас төрийн болон олон нийтийн байгууллага хамтарсан ажил, арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй.
Орон сууцны барилгуудын 30 хувь нь 1970-1990 онд баригдсан, газар хөдлөлтийн тэсвэржилт сул. Олон улсын туршлагыг харвал ийм барилгуудыг оношилж, шат дараатай хүчитгэдэг. Иймд Япон улсын ЖАЙКА-гийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар загвар болгож 10 барилгын хүчитгэлтийн зураг төслийг хийж байна. Энэ жил Эх нялхас, Баянгол дүүргийн барилгыг хүчитгэхээр төлөвлөсөн" гэв.
Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагаас манай улсад газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ талаар Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн багийн зөвлөх Фүкишима Сэиичиро танилцуулав.
Тэрбээр "2012-2013 онд Улаанбаатар хотын барилгын газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж байлаа. Үүнд зөвхөн барилга нурах тухай биш, газар хөдөлсний дараах гал түймрийн гамшиг, зам гүүр, инженерийн шугам сүлжээнд хэдий хэмжээний хохирол гарахыг нарийвчлан тооцсон. Мөн эдгээрээс үүдэлтэйгээр хүний амь нас, эрүүл мэндэд ямар эрсдэлийг гарахыг тодорхойлсон байдаг.
Удаах төсөл 2016-2019 онд хэрэгжсэн. Энэ үед гурван үндсэн зорилготой байв.
Энэ нь
Уг төслийн хүрээнд төр засгаас авах төлөвлөгөө, хүчитгэлийн зураг төслийг хэрхэн боловсруулах вэ, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг хэрхэн үнэлэх талаар нарийвчилсан зааварчилгаа гаргасан. Хүчитгэлийн талаарх зөвлөмж нь өнөөдөр Монгол Улсын барилгын дүрэм болон хэрэглэгдэж байгаа.
Газар хөдлөлтийн гамшгийн боловсролыг иргэдэд олгох зорилгын хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын харьяа сургалтын төв дээр сургалтын үзүүлэн, материал бэлдэж өгөхөөс гадна газар хөдлөлтийн биеэр мэдрэх төхөөрөмжийг суурилуулсан. Хэн ч хэдийд ч очоод газар хөдлөлтийн чичирхийлэлд хэрхэн мэдрэхийг туршиж үзэх боломжтой.
Үүний дараагийн төсөл нь 2021 онд эхлээд одоо ч үргэлжилж буй. Энэхүү төслийн хүрээнд хийгдэх нэг том ажил нь удирдлагын түвшинд газар хөдлөлтөөс хамгаалах зөвлөл байгуулах. Тус зөвлөл нь барилгын хүчилтгэлийг хэрхэн үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар бодлогын шийдвэр гаргах учиртай.
Бид төрийн өмчийн барилгуудаас 10-ыг сонгон авч, газар хөдлөлтөд тэсвэржилтийн үнэлгээг хийсэн. Таван барилга дээр нь хүчитгэлийн иж бүрэн зураг төслийг боловсруулан харьяа газруудад өгөөд байгаа" гэлээ.
ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах удирдамж батлагдсан. Энэ дагуу гамшгийн бэлэн байдлаа шалгаж үзэх Хяналтын хуудас гаргасан. Үүнд галын аюулгүй байдал, бэлтгэл бэлэн байдал, ямар төрлийн гамшиг осол тохиолдож болзошгүй вэ, цугларах талбайн байршил зэрэг мэдээллийг багтаасан Хяналтын хуудас бий. Энэ хуудсыг иргэд бөглөж, өрхийн аюулгүй байдлаа шалгаарай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|