Уншиж байна ...

Өмнөд Солонгосын зөнөгрөх өвчтэй иргэд улсынхаа ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэх хөрөнгө эзэмшиж буйг судалгаа харуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Нийгмийн Насжилт, Хүн Ам Зүйн Бодлогын хороо өчигдөр тус улсын өндөр настнуудын өмч хөрөнгийн талаар явуулсан судалгааны ажлын тайлангаа танилцуулжээ.

Өнөөдөр тус улсын зөнөгрөх өвчнөөр шаналж буй 65-аас дээш настай иргэдийн өмчлөлд нийт 154 их наяд воны ($111.1 тэрбум) хөрөнгө байгааг энэ судалгаа харуулсан байна.

Тухайлбал зөнөгрөх өвчтэй нийт 1.24 сая өндөр настан байгаагийн 61 хувь нь янз бүрийн хэмжээний хөрөнгө эзэмшдэг болохыг тогтоожээ.

Дунджаар энэ нь хүн бүрд 200 сая вон оногдох хэмжээний хөрөнгө юм байна. Бас Өмнөд Солонгосын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэх хөрөнгө ажээ.

Нийт хүн амын ердөө 2.4 хувь болдог энэ бүлгийн хүмүүст харьцангуй их хэмжээний хөрөнгө ногдож буйг судлаачид онцолсон байна.

Тиймээс тэдний эзэмшил хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн төрийн бодлого хэрэгтэйг бас онцолжээ.

“Зөнөгрөх өвчтэй ахмад насны хүмүүс гэр бүлийн гишүүд болон гуравдагч этгээдэд хөрөнгөө зөвшөөрөлгүй ашиглуулах зэргээр залилан луйварт өртөмхий байдаг. Үүнээс гадна тэдний хөрөнгө түгжигдсэнээр эдийн засгийн эргэлтийг тасалдуулах эрсдэлтэй юм” гэж хорооны дэд дарга Жү Хён Хван танилцуулгын үеэр хэлсэн байна.

Өнөөдөр Япон улсад ийм өндөр настнуудын хөрөнгийг луйвардах гэмт хэрэг нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудал болсныг энэ үеэр дурджээ.

Өмнөд Солонгос нь дэлхийд хүн амын хөгшрөлт хамгийн хурдтай явагдаж буй улс тул цаашдаа ийм хөрөнгийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгааг судлаачид тооцоолсон байна.

Тухайлбал зөнөгрөх өвчтэй хүмүүсийн тоо 2030 онд 1.79 сая, 2040 онд 2.85 сая, 2050 онд 3.97 саяд хүрэх тооцоо гаргажээ.

Үүний улмаас тэдний эзэмшдэг хөрөнгийн хэмжээ 2050 онд 488 их наяд вон хүрч, одоогийн хэмжээнээсээ бараг гурав дахин их буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 15.6 хувьд хүрэхээр байгаа гэнэ.

Судалгааг явуулсан хорооныхон нийгмийн энэ асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээний саналаа оны сүүлээр танилцуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times