Өчигдөр буюу Лхагва гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад айлчлан ирсэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) ерөнхийлөгч Сирил Рамафозатай уулзжээ.
Энэ үеэр тэд ӨАБНУ-д цагаан арьст газрын эздийн эсрэг үйлдэгдэж буй “геноцид” гэгчийн талаар ширүүн маргаан өрнүүлсэн байна.
Хоёрдугаар сарын сүүлээр Цагаан ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хийсэн Трампын уулзалт мөн ижил уур амьсгалтай болж байсан юм.
Трамп өчигдөр зочиндоо үг хэлэх боломж өгөлгүйгээр ӨАБНУ-ыг буруутган шүүмжилж байлаа. Мөн энэ үеэр тэр цагаан арьстнуудыг ялгаварлан гадуурхаж буйг харуулсан видео нотлох баримтуудыг том дэлгэцээр тоглуулж үзүүлсэн байна.
“Цагаан арьстан фермерүүд Өмнөд Африкаас зугтаж байгааг харахад маш харамсалтай байна. Гэхдээ та үүнийг хүсэхгүй байгааг би мэдэж байна. Тиймээс бид үүнийг тайлбарлаж чадах байх” гэж Трамп хэлж байв.
Удаа дараа яриагаа тастуулсан Рамафоза нэг удаа “энэ талаар тайван ярилцъя” хэмээн Трампаас гуйхад хүрсэн юм.
“Асуудал тулгарах бүрд ширээний ард суугаад ярилцахыг Нелсон Мандела бидэнд сургасан юм. Энэ бол бидний ярихыг хүсдэг сэдэв мөн” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлээд удаагүй байхад АНУ-ӨАБНУ-ын харилцаа эрс муудсан. Үүнд Трампын зөвлөхүүдийн нэг, ӨАБНУ-д төрсөн тэрбумтан Илон Маскийн нөлөө байсан гэж үздэг.
Тэрбээр төрсөн нутагт нь хүн амын цөөнх цагаан арьстнууд ялгаварлан гадуурхагддаг талаар байнга шүүмжилдэг юм.
Трамп саяхан ӨАБНУ-ын цагаан арьстнуудад дүрвэгчийн статус олгох шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн долоо хоногт энэ арга хэмжээний хүрээнд 50 орчим хүн АНУ-д цагаачлан ирж байв.
Гэхдээ Өмнөд Африкийн эрх баригчид Трамп, Маск нарын шүүмжийг няцаадаг.
Ерөнхийлөгч Рамафоза айлчлан ирэхдээ хоёр улсын харилцааг хэвийн болгох зорилготой байсан юм.
Тэрбээр гольфийн хорхойтой Трампын эвийг олохын тулд өөрийн хамгийн шилдэг хоёр гольфчийг, бас улсынхаа хамгийн баян тэрбумтныг дагуулж ирсэн байна.
Рамафоза бас Илон Маскийн Старлинк үйлчилгээг ӨАБНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бэлэгтэй АНУ-д иржээ.
Цагаан арьстнуудад дүрвэгчийн статус олгосноос гадна Трамп бас ӨАБНУ-д үзүүлдэг тусламжаа танах, бараанд нь 31 хувийн импортын татвар ногдуулах, өөрийнх нь бодлогыг шүүмжилсэн элчин сайдыг АНУ-аас хөөх зэрэг арга хэмжээ авсан юм.
Энэ оны нэгдүгээр сард ӨАБНУ-ын эрх баригчид колоничлолын үеэс улбаатай тэгш бус байдлыг арилгах зорилгоор газар өмчлөлийн шинэ хуулийг баталсан нь Трампыг бухимдуулсан гол асуудал гэдэг.
Газар өмчлөл бол ӨАБНУ-ын хамгийн маргаантай, эмзэг асуудлуудын нэг юм. Учир нь тус улсын хүн амын дөнгөж 7.3 хувийг эзэлдэг цагаан арьстнууд газар тариалангийн талбайн ихэнх хэсгийг эзэмшдэг.
Трамп, Маск нар ӨАБНУ-д хар арьстнууд цагаан арьстан фермерүүдийн аминд хүрэх явдал гардаг гэж үзэж байгаа.
Харин Преторийн эрх баригчид үүнийг нь няцааж, тус улсад гардаг хүн амины хэргийн гол хохирогчид хот суурин газрын хар арьст залуу эрчүүд байдаг гэх албан ёсны тоо баримтыг үзүүлдэг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|