1984: Бидний нийгэмд ч амин хувьдаа л болж байвал хангалттай учир нийтийн төлөө тэмцдэггүй "Жулиа"-нууд бий…

- Дайн бол энх тайван  Эрх чөлөө бол боолчлол Үл мэдэх бол хүч чадал гэх хүчирхийлэл, тархи угаалтын арга барилыг илэрхийлэх эшлэлийг сонсоогүй хүн ховор биз.  Үргэлж л нийгэм, улс төрийн асуудал буцалж байдаг Улаанбаатар хотод Английн зохиолч Жорж Оруэллын “1984” зохиолыг Орфэй театрын хамт олон тайзны бүтээл болгож сэтгэлгээний эрх чөлөөгөөр цангасан үзэгчдийн мэлмий, сонорыг мялаалаа. 

1984 зохиолыг өнгөрсөн жил театрын жүжиг болгон тайзан дээр амилуулсан цагаас сонгуулийн жил байсан болоод ч тэр үү “цагаа олжээ” гэж хэлэх хүн олон байсан юм. Ийнхүү хоёрдох удаагаа тайзнаа тоглоход ухамсарт хүн төрөлхтөн оршин байгаа сайн, муу бүхий л хугацаанд хувь хүн өөрийнхөө оюун бодол, үзэл санаа, эрх чөлөөнийхөө тухай үргэлж санан сэхээрч, эргэцүүлж байх ёстойг ойлгов. Угаас тус зохиолыг аль ч цаг үед уншсан яг л одоогийн нийгмийг хэлээд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг билээ. Иймд цагаа олно гэж хэзээ ч байхгүй мэт.

“Бид бүгд хянагдаж байгаа”

Орчин үеийн нийгэмд эрх чөлөөг олгож буй өч төчнөөн зүйлс нь эргээд эрх чөлөөг боомилогч хэрэгсэл болсоор байгааг цахим ертөнцөд өрнөдөг тархи угаалтын жишээнээс харж болох юм. Тус хүчин зүйлсээс болж өөрөө ч мэдэлгүй олонхын бодлоор сэтгэх хандлагатай болсон үзэгчдэд хэсэгхэн ч болов бодож эргэцүүлэх сэжмийг тус жүжиг өгч чадав.

Ингэхдээ зөвхөн энэ жүжигт л байж болмоор гэлтэй тайз, дэлгэцийн урлагийг хослуулсан содон шийдлийг ашигласан нь огт төсөөлөөгүй зүйл байлаа.

Жүжгийн үйл явдлыг олон талын өнцгөөс нь бичиж тайзан дээрх том дэлгэцээр шууд гаргаж буй камер жүжиг завсарлах явцад үзэгчдийн хэсэг рүү чиглэсэн байв. Яг эгц өөдөөс шууд бичих тэр камер эвгүйцэм мэдрэмж төрүүлж, жүжиг дуусан дуустал жүжгийн гол дүртэй адил теле дэлгэцээр хянуулж байгаа мэдрэмжтэй байлгасан юм. Энэ нь сонирхолтой шийдэл болж үүргээ ч сайн гүйцэтгэсэн гэхэд болно.

Шууд бичлэгийн камерт жүжигчдийн ард үзэгчид ч харагдаж байгааг мэдсэн тэр цагаас тав тух алдагдаж, түгшиж, төвөгшөөмөөр хэцүү мэдрэмж жүжиг дуусан дуустал ангуучилсан нь жүжгийн өнгө аясыг хүн бүрд бодитоор мэдрүүлсэн юм. Хааяа бодит дүрүүдээс илүү дэлгэц рүү л ширтээд байсныг эс тооцвол тайз, дэлгэцийн урлагийг тун амттай хольжээ. Мэдээж хэрэг жүжигчдийн харц, хөдөлгөөнийг илүү ойроос, олон өнцгөөр харах завшаан болов.

Бидний дийлэнх нь гаднаа системийг дагадаг ч дотроо үл итгэгчид...

Эх зохиолыг нь уншихдаа ч байж ядан түгшин, зэвүүцдэг жихүүн өнгө аяс театрын тайзнаа ч алдагдсангүйд “Баярлалаа”. Уг мэдрэмжийг өгч чадсан чухал зүйлсийн нэг нь хөгжмийн найруулга байсан юм. 1984 зохиолыг хамгийн сайн илтгэж чадах аяз бол айдас, түгшүүрийн болоод нэг л зүйл удахгүй болох гээд байгаа мэт хүлээлт мөн ойлголт, сэхээрлийн “зэвүүн” гэж хэлж болох өнгө аяс юм. Зохиолыг уншихад ч дээрхтэй адил мэдрэмжүүд холилдож эцэс сүүлд нь уншиж дуусаад хэний ч мэдэхгүй зүйлийг олоод мэдчихсэн мэт мэдрэмж төрдөг билээ.

Жүжиг эхлээд хэдийн олон минут өнгөрсөн ч хоёр дахь гол дүр болох Жулияг гарч ирсэн цагаас бүх зүйл одоо л эхэлнэ гэдгийг хөгжмийн найруулгаараа үзэгчдэд чадмаг ойлгуулав.

Жулиа гарч ирээд нэг ч үг хэлэхгүй буцаад орсон ч гол дүрээс нүд салгуулахгүй болтол зохицож чадсан хөгжим болон нэг нэгээр нь сөөлжүүлэн урд нь тавих сандлууд дээр доош харалгүй, итгэлтэй харцаар урагш алхан тайзыг хэдхэн сандалтай бүтэн тойрох тэр эгзэгтэй дүрслэл нь түүний өөртөө итгэлтэй, зоригтой нэгэн гэдгийг бүрэн илэрхийлчхэв.

Үргэлжлүүлэн энэ дүрслэлийг задлан үзвэл сандал болгон намын дүрэм, хяналт, хоригийг төлөөлж байж болох юм. Харин Жулиа ганц л буруу гишгэвэл унаж мэдэх тэр сандлууд дээр итгэлтэй алхана. Энэ бол түүний хэнээс ч айдаггүй, гаднаа намыг дагаж байгаа ч дотроо үл итгэгч мөн чанартай нь нийцэж буй үйлдэл юм.

Жулиа бол намын тогтолцооны дунд амьдарч байгаа ч дотроо айдасгүй, өөрөөрөө байж чаддаг цөөн хүмүүсийн нэг билээ.

Бидний нийгэмд ч зөвхөн амин хувьдаа болж байвал болох учир нийтийн төлөө эсэргүүцэж тэмцдэггүй ч дотроо өөрийн гэсэн бодлоо алдаагүй олон хүмүүс бий. Магадгүй бидний дийлэнх хувь нь Жулиа байж мэдэх юм.

Буруу гэдгийг нь үргэлж мэддэг ч тэмцдэггүй. Буруутай эвлэрч амьдардаг.

“Бодол” гэдэг бол эрх чөлөөний эхлэл

Дүрүүд тайзан дээр өөрийн амаар ярьсан нь ховор. Ихэвчлэн гол дүрийн бодол, эргэцүүллээр үргэлжилдэг зохиолыг яг тэр хэвээр нь илэрхийлж, зарим энгийн яриаг хүртэл урьдаас бичиж авсан дууны бичлэгээр сонсгов. Энэ нь тайзан дээр болж буй харилцан яриа түүн дотор хөрвөх эргэцүүлэл миний бодол дотор өрнөж байгаа юм шиг санагдуулсан юм. Түүнчлэн Уинстон Смитын дүрд тоглож буй жүжигчин С.Болд-Эрдэнийн өвөрмөц эршүүд хоолойны өнгө ч бодол эргэцүүлэл өгүүлэхэд яг тохирсон мэт.

Зохиолд “Бодол” гэдэг бол эрх чөлөөний эхлэл. Тиймээс эрх чөлөөг нухчин даръя гэвэл, хамгийн түрүүнд хүний сэтгэлгээг хянах ёстой гэх агуулгыг гаргадаг.

Хүн өөрөө ч мэдэлгүй өөрийнхөө бодолд цензур тавьж сурдаг. Энэ талаар жүжгийн турш үзэгчид гол дүртэй хамтдаа бодож чадсан болов уу…

Аврал мэт санагдсан эсэргүүцэл ч хяналтад орж, системд уусаж болно

Жүжгийн төгсгөл хавьцаа Смит, Жулиа хоёр холоос нарийхан утсаар бөгж дамжуулж буй нь хол зайгаар тэр хоёрын үзэл бодол хэзээ ч нэгдэн нийлэхгүй алд дэлэм зайтай гэдгийг илэрхийлсэн болов уу учир нь Жулиа системийг унагах сонирхолгүй. Дотроо "өөрөөр амьдрах" орон зай олох нь түүнд хангалттай. Смитийн хувьд системийг сууриар нь няцаах, бодит үнэнийг эрэлхийлэгч юм.

Харин мөдхөн тасарч мэдэх нарийхан утсаар жижигхэн бөгж гүйлгэж буй нь тэдний гаргаж буй шийдвэр хүчтэй боловч том системийн хажууд сөрч тэсэхэд дэндүү хэврэг байж мэдэх юм гэдгийг илэрхийлсэн мэт байв. Утсан дээгүүр удаанаар гүйх тэр бөгж дундаа гацчих вий, утас нь тасрах вий гэх энгийн бодол тэр хэсгээс амьсгаа даран нүд салгалгүй үзэхэд хүргэсэн юм.

1984 зохиолд хувь хүн, хайр, итгэл үнэмшлийн хэврэг байдал болон аврал мэт санагдсан эсэргүүцэл ч хэрхэн хяналтад орж, системд уусаж болохыг гүнзгий өгүүлсэн байдаг. Манай улсын нийгэмд энэ үзэгдэл нь үзэл бодлоо өөрийг нь дагаж итгэж байсан бүхэнтэй цуг худалдчихдаг хүмүүсээр илэрдгийг олон жишээ батална…

Нарийхан утас тасралгүй, бөгж эзэндээ хүрч алга нижигнэсэн ч жүжгийн төгсгөл хүртэл амьсгаа даран түгших аниргүй л үргэлжилсэн юм…

“Эвдэгдэж буй ухамсар”

Жүжгийн төгсөл хэсэгт Обрайн, Смит хоёр дундаа дарстай ширээ гүйлгэж харилцан ярилцав. Обрайн нь эрх мэдэлтэй үнэмшүүлэгч тал харин Смит бол эвдэгдэж буй ухамсар юм. Нэг ширээнд байгаа нь өнгөн талаасаа оюун санааны тэгш харилцаа мэт боловч ширээ дүрүүдийн хооронд хоёр тийш гүйх нь сэтгэл зүйг хагалан бутаргаж байгааг илтгэх шиг.

Жүжгийн дунд үед Смит, Обрайн хоёр дарс хуваан уусан нь Смитийн хувьд эрх чөлөөнд хүрэх итгэл байсан бол Обрайенд бол тус итгэлийг нь ашиглан сэтгэл санааг эвдэх зэвсэг байсныг дээр дурдсан дарстай ширээний үзэгдлээр илүү батлах шиг.

Эрүүл саруул ухаан гэдэг нь бидний хамгийн үнэтэй зүйл. Харанхуй үгүй газар уулзацгаая...

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.81] 2025/5/22
Өнөөгийн нийгэм бол хар амиа бодогчдоор дүүрсэн. Үүнийг 90 оны ардчилал бахархалтай ярьж, бичдэгээрээ ичээсэй
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.211] 2025/5/22
Юунд л самрах гээд хатгаад байдаг болов
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/22
Ардчиллын ард зэрлэг капитализм байдаг.
4 | 1 Хариулах
Зочид [122.201.31.245] 2025/5/22
Коммунистуудын ард бол бүлэг алуурчид байдаг
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.81] 2025/5/22
Монголд аль аль нь хэрэггүй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/22
Путин ах хүн алж, дайн хийдэг нь зөв үү, буруу юу
1 | 2 Хариулах
Зочин [202.21.111.58] 2025/5/22
Мэдээний сайт байж ийм балиар AI зураг битгий ашиглаж бай. Амьгүй хоосон, залхуу харагддаг. Гадаадын албан ёсны мэдээний сайтууд ашигладаггүй байгаа шүү.
9 | 5 Хариулах
зочин [66.181.178.118] 2025/5/22
өөрийгөө лаг боловсролтой гээд бодчихсон цэвэршчихсэн авгай л ийм комэнт бичиж суудагдаа, төсөөлөгджийн
4 | 6 Хариулах