• 6 сарын 14, Бямба

Британийн уулчид шинэ арга хэрэглэсний үр дүнд Эверестийн оргилд хамгийн богино хугацаанд гарсан дээд амжилт тогтоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Их Британийн тусгай хүчний алба хаагч асан дөрвөн уулчин өчигдөр ксенон хий хэрэглэх аргаар өндөр ууланд дасан зохицох шатыг алгасан тав хүрэхгүй хоногийн дотор Эверестийн оргилд гарсан нь дээд амжилт болжээ.

Ксенон хийг хүчилтөрөгч сийрэг өндөрлөг газарт дасан зохицоход ашигласан юм байна.

Уулчид Эверестэд авирахынхаа өмнө зургаагаас найман долоо хоногийг дасан зохицоход зарцуулдаг.

Гэхдээ ксенон хий ашиглах аргыг салбарын зарим хүмүүс шүүмжилдэг, шинжлэх ухааны хувьд маргаантай асуудал юм.

Хэдийгээр энэ удаа тэд Хималайд дасан зохицох шатыг алгасан хамгийн богино хугацаанд Эверестийн оргилд гарсан дээд амжилтыг тогтоосон ч 2003 онд тогтоосон Лхагба Гэлү Шерпагийн хурдны дээд амжилтыг эвдэж чадаагүй байна.

Тэрбээр уулын бэлийн баазаас оргил хүртэл авирахад 10 цаг, 56 минут зарцуулж байжээ.

Британийн уулчдын баг “тавдугаар сарын 16-ны үдээс хойш авиралтаа эхэлж, 21-ний өглөө дуусгахад нийт дөрвөн хоног, 18 цаг зарцуулсан” гэж авиралтыг зохион байгуулагч Лукас Фуртенбах мэдээлсэн байна.

Тэдэнтэй хамт таван шерпа хөтөч, нэг зураглаач хамт явжээ.

Дөрвөн уулчны нэг нь Их Британийн ахмад дайчдын асуудал хариуцсан засгийн газрын сайд Аластэр Карнс байсан гэнэ.

Тэд Балбад ирэхээсээ өмнө тусгай хиймэл орчин үүсгэсэн майханд зургаан долоо хоног унтсан нь өндөр уулын бүсэд дасан зохицох зорилготой байжээ.

Дараа нь тэд Катманду хотоос Эверестийн бэлд нисэж ирээд шууд авирсан байна.

Уулчдын хувьд өндөрлөг газрын хүчилтөрөгч сийрэг орчинд дасан зохицох маш чухал байдаг. Тухайлбал үхлийн бүс гэгддэг 8,000 метрээс дээш өндөрт агаарын хүчилтөрөгчийн хэмжээ далайн түвшний хэмжээнээс гурав дахин бага байдаг ажээ.

Британийн баг авиралт эхлэхээсээ хоёр долоо хоногийн өмнө Германы нэг эмнэлэгт ксенон хийгээр амьсгалах эмчилгээнд орсон гэнэ.

Энэ нь өндрийн өвчнөөс бие махбодыг хамгаалахад тусалдаг юм байна.

Судлаачдын тайлбарлаж байгаагаар ксенон хий нь хүний биеийн эритропоэтин хэмээх уургийн ялгаруулалтыг нэмэгдүүлдэг гэнэ. Энэ уураг нь хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй үед хүний биед үүсдэг сөрөг нөлөөг бууруулдаг юм байна.

Ингэхдээ цусны улаан эсийн тоог нэмэгдүүлдэг гэж зарим судлаачид тайлбарладаг ч зарим нь үүнийг батлагдаагүй, цаашид судлах шаардлагатай гэж үздэг гэнэ.

Уулчдын зарим хэсэг үүнийг шүүмжилдэг. Тухайлбал Олон Улсын Авиралт, Уулчдын Холбоо нэгдүгээр сард гаргасан мэдэгдэлдээ “Ксенон хийгээр амьсгалах нь ууланд авирах чадварыг сайжруулдаг гэх нотолгоо одоогоор байхгүй бөгөөд зохисгүй хэрэглээ нь хүний биед аюултай байхыг үгүйсгэхгүй. Өндөрт дасан зохицох нь тархи, уушги, зүрх, бөөр, цус зэрэг янз бүрийн эрхтний системд янз бүрийн түвшинд нөлөөлдөг нарийн төвөгтэй, бүрэн тайлбарлагдаагүй үйл явц юм. Физиологийн үүднээс авч үзвэл нэг удаагийн эмчилгээ нь дасан зохицох чадварыг сайжруулах түлхүүр болж чадахгүй” гэж байжээ.

Британийн уулчдын хэрэглэсэн аргыг бусад уулчид хэрэглэж эхэлбэл Балбын аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж магадгүй байна.

“Хэрвээ ингэвэл уулчдын байх хугацаа мэдэгдэхүйц богиносох тул аялал жуулчлалын салбарт шууд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой” гэж Балбын Экспедицийн Операторуудын Холбооны ерөнхийлөгч Дамбер Паражули хэлжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [89.147.101.69] 2025/5/22
Шерпа нь бараг үүрээд гаргадаг юм ш дээ. Буцаж буугаад дахиад өөр үн үүрч гаргана. Тэгээд мөнгөө л авна. Алдрыг нөгөөдүүл хүртэнэ.
4 | 2 Хариулах
Зочин [202.126.89.81] 2025/5/22
Төвөдүүд ямар ч хэрэгсэлгүй европчуудыг энэ өндөрлөгт хүргэж байлаа. Өөрсдөө ч өмнө нь гардаг байсан биз. Одоо бөөн тоноглолоор зодчхож байгаа юм
4 | 1 Хариулах