Өчигдөр Энэтхэг улс хил дамнаж гадагшаа урсдаг голуудынхаа усыг хаах тухай мэдэгджээ.
Ерөнхий сайд Нарендра Моди “Энэтхэгийн ус одоо Энэтхэгийн ашиг тусын тулд урсаж, Энэтхэгийн ашиг тусын тулд хуримтлагдаж, Энэтхэгийн хөгжил дэвшлийн төлөө ашиглагдах болно” гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ тэр хөрш Пакистаны нэрийг дурдаагүй ч 65 жилийн өмнө хоёр улсын хооронд байгуулсан ус хуваах гэрээг түдгэлзүүлснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа ийнхүү сүрдүүлсэн нь анхаарал татаж байгаа юм.
Өнгөрсөн сард Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирын бүс нутагт зэвсэгт этгээдүүд 26 энгийн хүний амийг хөнөөсний дараа Энэтхэг, Пакистаны харилцаа эрс муудаад байгаа.
Уг халдлагад Энэтхэгийн тал Пакистаныг буруутгасан ч Исламабадын эрх баригчид оролцоогоо эрс үгүйсгэсээр байна.
Энэтхэгийн нутгаас хэд хэдэн гол Пакистан руу урсаж, тус улсын нийт тариалангийн талбайн 80 орчим хувийг усаар хангадаг.
Пакистаны эрх баригчид өмнө нь голын урсгалыг зогсоох аливаа оролдлогыг “дайн зарласанд тооцох”-оо Энэтхэгийн талд анхааруулж байв.
1960 онд Энэтхэг, Пакистан улсуудын хооронд “Инд мөрний сав газрын зургаан голын усыг хуваах тухай гэрээ” байгуулагдаж байжээ. Үүнийг дэлхий дахинд хил дамнасан усны менежмэнтийн үлгэр жишээ гэж үздэг.
Цөмийн зэвсэгтэй хөршүүд хоорондоо хоёр удаа дайтахад энэ гэрээ хөндөгдөөгүй хэвээр үлдэж байв.
Өнгөрсөн сарын халдлагын дараа Энэтхэгийн эрх баригчид Пакистаны эсрэг хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь дээрх гэрээг түдгэлзүүлсэн алхам байлаа.
Гэхдээ голуудын урсгалыг хаахын тулд олон тооны далан, усан сан байгуулах шаардлагатай, эдгээрийг босгоход багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!