Уншиж байна ...

"Маргааш Хүүхдийн төлөө фондод цугларсан ₮25 тэрбумыг хэрхэн зарцуулах талаар санал хураана"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1925 онд Д.Нацагдоржийн байгуулсан хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр буюу маргааш тохиож буйтай холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллүүдийг өглөө. 

Үе үеийн ерөнхий сайд нарын ахалж байсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хүүхэд хамгаалах, хөгжүүлэх, оролцооны асуудлаар нь ямар бодлогын шийдвэрүүд гаргаж аль нь амьдралд хэрэгжсэн болон хэрэгжээгүй гэдэгт дүгнэлт гаргаж маргааш УИХ дээр ярилцах юм байна. 

Өрх толгойлсон эцэг эх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоо өссөөр байгаа учир ерөнхий сайдын ахалсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг шинэчлэн зохион байгуулж, өчигдөр хуралдсан байна. 

Түүнчлэн Өнгөрсөн оны есдүгээр сараас Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхлэн сум, хороо, дүүрэг бүрд нийтдээ 800 гаруй гэр бүл, хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болсон байна. Тэдгээр ажилтнууд сургууль дээрх багш, ажилчидтай хамтран хүүхэд хамгааллын бүлгүүд байгуулж ажиллавал тодорхой үр дүн гарна гэж харж байгаа аж. 

Мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн хандив болон автомашины азийн дугаарын сугалаа зэргээс Хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг цугларсан байна. Үүнийг захиран зарцуулах журмуудыг шинэчлэн баталсан ба шинэ журмын дагуу цаашид тус сангийн хөрөнгийг арвижуулах, менежмент хийх, олон нийтэд ил тод байлгах зэрэг асуудлаар чиглэлүүдийг өгчээ. 

Маргааш хүүхдийн төлөө байгууллагын 100 жилийн ойн баярын хурлаар тус мөнгөөр үндэсний хэмжээнд ямар бүтээн байгуулалтыг хийх талаар санал хураалтыг явуулах юм байна. Цаашид И-Монголиагаар санал авдаг болох аж. Хүүхдийн шинжлэх ухааны парк, спортын цогцолборуудыг шинэчлэн барих, Хүүхдийн урлан бүтээх төвтэй адил дугуйлан ажиллуулах газрыг шинэчлэн байгуулах гэсэн гурван төсөлд санал хураах аж. 

Мөн хүүхдийн зуслангуудыг өмч хувьчлалаар аваад зуслан биш амралтын газар болгосон компаниудад хариуцлага тооцох, дөрвөн улирлын зусланг сэргээх ажлуудыг хийхээр болсон байна. 

ВИДЕО: