АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гарагт 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулах Ажлын хэсэгт шинэ томилгоо хийснээ зарлалаа.
Нью-Йорк хотын захирагч асан, Д.Трампын зөвлөхөөр олон жил ажиллаж буй Рудольф Жулианигийн хүү Андрю Жулианиг Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна.
АНУ-ын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, одоо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны ахлах зөвлөх Карлос Кордейро хүү Жулианигийн ахлах зөвлөхөөр ажиллах аж.
Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд нэр дэвшиж байсан Андрю Трампын анхны засаг захиргааны үед ерөнхийлөгчийн тусгай туслахаар ажиллаж байсан юм. Мөн Олон нийттэй харилцах албаны дэд захирлын үүрэг гүйцэтгэж байв.
Түүнийг цар тахлын үед гадаадын мэргэжлийн тамирчдыг АНУ-д нэвтрэхэд нь тусалсан гэдгийг Трамп онцолжээ.
Ажлын хэсгийн эхний уулзалтын үеэр Трамп Андрюг "өрсөлдөх чадвартай, чадварлаг гольфчин" гэж магтсан байна.
Уг Ажлын хэсэг Трампын Засгийн газрын гишүүдээс бүрдэж буй. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс дэд тэргүүнээр нь сонгогдсон бол сенатын гишүүн Шелли Мур Капито, Тодд Янг болон төлөөлөгч Дарин Лахүд, Брайан Стийл нар багтжээ.
Андрю Жулианигийн аав Рудольф Жулиани Нью-Йорк хотын захирагчаар 1994-2001 оны хооронд ажилласан юм. Тэрбээр 2018 оноос Трампын хуульчаар ажиллаж байлаа. Түүнийг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа "Time" сэтгүүл Оны хүнээр тодруулж байсан билээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|