Сүүлийн бараг хоёр сар үргэлжилж буй Йемений босогчдын эсрэг агаарын цохилтоо зогсоож байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
Ираны холбоотон Хуситууд “цаашид тулалдах хүсэлгүй”-гээ илэрхийлж, Улаан тэнгисээр зорчих худалдааны хөлгүүдэд дахин довтлохгүйгээ амласан тул ийм шийдвэр гаргаж буйг Трамп тайлбарласан байна.
“Бид хуситуудыг бөмбөгдөхөө нэн даруй зогсоох болно. Тэд цаашид тулалдах хүсэлгүй байна. Бид үүнийг нь хүндэтгэж, бөмбөгдөлтөө зогсоож байна” гэж Цагаан ордонд Канадын шинэ ерөнхий сайд Марк Карнитай уулзах үеэрээ Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Хуситууд бууж өгсөн. Хамгийн чухал нь бид тэднээс дахин хөлөг онгоцнуудад довтлохгүй гэсэн амлалт авсан. Энэ бол бидний явуулсан ажиллагааны гол зорилго юм” гэж хэлсэн байна.
Хуситууд АНУ-тай ямар шугамаар харилцаж, байр сууриа илэрхийлснийг сонирхоход Трамп “маш сайн эх сурвалжаас энэ мэдээллийг авсан” гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Удалгүй Оман улсын гадаад хэргийн сайд Бадр аль-Бусайди босогчдын эсрэг АНУ-ын бөмбөгдөлт зогсож байгааг сошиал хуудсаараа мэдэгджээ.
Үүнийг АНУ, Оманы төлөөлөгчид болон Йемений зуучлагчдын оролцсон яриа хэлэлцээний үр дүн болохыг тайлбарласан байна.
“Цаашдаа аль аль тал нь нөгөө талынхаа эсрэг, тухайлбал Улаан тэнгис, Баб аль-Мандебын хоолой дахь АНУ-ын хөлгүүдэд довтлохгүй. Олон улсын худалдааны хөлгүүдийн саадгүй зорчих эрх чөлөөг баталгаажуулах болно” гэж Оманы гадаад хэргийн сайд мэдээлжээ.
Ерөнхийлөгч Байдены засаг захиргааны үед АНУ бас Йемений босогчдын байрлалд хэд хэдэн удаа агаарын довтолгоо явуулж байв.
Йемений босогчдын байрлалд довтлох байлдааны нууц төлөвлөгөөг Signal мессенжэрийн чат группт задруулсан гэх дуулианы улмаас саяхан Трампын засаг захиргаа нэлээд шүүмжлэлд өртсөн.
Уг дуулианд холбогдсон гол хүмүүсийн нэг Пентагоны тэргүүн Пит Хэгсэтийг Трамп хамгаалж үлдсэн бол чат группт нэгэн сэтгүүлчийг санамсаргүй нэмж, мэдээлэл задрах үндсийг тавьсан Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Майк Уолцыг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!