Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож буй.
Ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн эрхлэгч, доктор (Ph.D) Г.Бямбарагчаагийн санаачлан хэвлүүлж буй “Дорныг дурандахуй” Унгарын угсаатан судлаач Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь Монголчуудын дүрслэл номын нээлт өнөөдөр тус музейн номын санд боллоо.
Унгар-Монголын эрдэмтэд олон жил монголын түүх, нүүдэлчдийн ахуй соёл, уламжлалын талаар судалсаар ирсэн. Өнөөдрийн арга хэмжээ нь хоёр улсын эрдэмтдийн хамтын судалгааны тасралтгүй үргэлжлэлийн нэг нь юм. Түүнчлэн Унгарын Угсаатны зүйн хүрээлэнтэй Монголын тал сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Ласло Фөлдешийн ажилласан газар ирэх есдүгээр сард ажиллаж, угсаатны зүйн судалгаа харьцуулалт хийхээр төлөвлөснөө Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун номын нээлтийн арга хэмжээний үеэр мэдэгдлээ.
"Дорныг дурандахуй” номд Угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монголд хийсэн угсаатны зүйн хээрийн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зураг анх удаа хэвлэгдсэн байна. Мөн зүүн бүс нутгийн монголчуудын ахуй амьдрал, гэр орон сууц, хувцас, малчдын нүүдэл, нутагшил, гэр ахуйн эдлэл хэрэгсэл, гар урлал зэрэг олон талын мэдээллийн энэхүү номоос харах боломжтой юм.
Ласло Фөлдеш 1967 онд анх Монголд ирсэн бөгөөд авсан гэрэл зургууд нь ХХ зууны дунд үеийн монгол малчдын нутагшил, нүүдлийн мал аж ахуй эрхлэлт, монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, хувцас хунар, гэр, орон сууц, эдлэл хэрэгслийн талаарх олон мэдээллийг шингээсэн байдаг. Түүний судалгааны явцад авсан олон зуун гэрэл зургууд өдгөө Унгар улсын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна хэмээн Чингис хаан үндэсний музейгээс мэдээллээ.
Номын нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монголч эрдэмтэн Др.Обрущанский Борбала Анна, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, дэд профессор Л.Эрдэнэболд нар оролцон үг хэлж, бусад эрдэмтэн судлаачид байлцав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|