Уншиж байна ...

Р.Нямбаяр: Хотын соёлыг залууст уриалах зорилгоор "Хайртай" төслийг хэрэгжүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Radio House" цоо шинэ радио суваг нээгдэж байгаа талаар хөтлөгч Р.Нямбаяр, Я.Учрал болон Mongol Mix Project (MMP)-гийн үүсгэн байгуулагч Үүрээ нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөн тэд хотын соёлыг залууст уриалах зорилгоор "Хайртай" төслийг өөрсдийн хийдэг контент, сувгаараа дамжуулан бусдад хүргэхээр төлөвлөж байгаагаа онцолсон юм.

Энэ талаар Р.Нямбаяр "2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын үеэр манай радиогийн байр шатсан. Түүнээс хойш радиогийн салбарт оролцоогүй. 17 жилийн дараа өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 7-нд 89.7 буюу "Radio House"-аа нээж байна. 

Манай радиогоор маш сонин, содон дуунууд явна. Дуугаар хүмүүст их урам зориг өгөхөөр хийх болно.

Түүнчлэн олон нийтийн соёлын хөдөлгөөн өрнүүлж, "Хайртай" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хотын соёлыг бусдад түгээх, орон нутгаас ирсэн иргэдийг гадуурхалгүй, мэдэхгүй нэгэндээ зааж, зөвлөх хэрэгтэй.

Явган хүний зам дээр машинаа дур мэдэн хаяж байна. Шөнийн 02:00 цагт дээд айлын хүүхдүүд гүйлдэх, нус цэрээ гудамжинд хамаагүй хаях зэрэг олон асуудал гардаг. Энэ бүгдийг "Сүртэй юм бэ" гэдэг ганц өгүүлбэрээр халхавчилж байна.

Энэ соёлын хөдөлгөөнийг эхлүүлж төлөөлөл болон бид гурав өнөөдөр мэдээлэл хийлээ. Бидэнтэй нэгдэх хүсэлтэй хүмүүст үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Жаахан муухайгаар хэлэхэд төр засгаас соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй байна. Тиймээс энэ ажлыг ямар нэг улс төрийн хүчин, төрөөс хамааралгүйгээр өөрсдөө эхлүүлье гэж зорилоо. Энэ хүрээнд радио сувгаараа болон сошиал хуудсаараа дамжуулан олон контентыг хүмүүст хүргэнэ.

Бид өөрсдийнхөө хийдэг контентод "Хайртай" төслийн үзэл санааг шингээж явна. Я.Учрал маань "Urban Talk"-оороо, миний хувьд эрүүл мэндийн контент хийж байгаа түүгээрээ дамжуулан төслөө бусдад хүргэнэ" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хайртай" төслийг санаачлагч Үүрээ "Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх хүмүүс орчин, нөхцөлийг ойлгож байгаа болов уу. Энэ төслийг соёл урлагтай хослуулан залуучуудад уриалахаар ажиллаж эхэлж байна. Хүмүүс мэдэхгүйгээсээ болоод бусдад дарамт учруулж байгааг мэддэг болгох нь гол зорилго юм" гэлээ.