Манай нарны аймгийн зах хязгаарт асар том нууцлаг гараг нуугдаж байж болзошгүй гэсэн таамаг судлаачдын дунд олон жилийн турш яригдаж байгаа.
Тухайлбал хамгийн алслагдсан гараг болох Далайн ван гарагийн цаана орших мөсөн чулуулгийн бөөгнөрлөөс бүрдсэн хачирхалтай тойрог зам нь тэнд ямар нэг том биет байгааг илтгэж байж болзошгүй гэж үздэг судлаачид үүнийгээ “ес дэх гараг” хэмээн нэрлэдэг.
Тэгвэл энэхүү нууцлаг гарагийг хайж байсан АНУ-ын гурван судлаач нарны аймгийн энэ хэсгээс шинэ одой гараг илрүүлжээ.
Энэ шинэ биетийн шинж чанар нь “ес дэх гараг”-ийн онолыг эргэлзээтэй болгож байгаа юм байна.
2017 OF201 гэж нэрлэгдсэн, 700 орчим километрийн өргөн хэмжээтэй шинэ биетийн тухай судалгааны тайлан өнгөрсөн долоо хоногт нийтлэгджээ.
Энэ нь нарны аймгийн ес дэх гарагт тооцогддог байснаа 2006 онд хасагдаж, одой гараг ангилалд шилжсэн Дэлхийн вангаас гурав дахин жижиг гэсэн үг юм.
Гэхдээ хэмжээ нь одой гараг ангилалд багтахуйц том болохыг судалгааг ахалсан Нью Жерсигийн “Institute of Advanced Study” хүрээлэнгийн одон оронч Сихао Чэн баталж байна.
Шинэ биет нь Дэлхийгээс Далайн ван хүртэл зайнаас гурав дахин алсад оршдог ажээ.
Мөн Дэлхийгээс Нар хүртэлх зайнаас 1,600 дахин хол тойрог замаар нарыг тойрон эргэдэг байна.
Ийм алс хол оршдог тул өмнө нь нарнаас өөр одыг тойрон эргэдэг байсан байж магадгүйг Чэн хэлжээ.
Нарыг нэг бүтэн тойроход 25,000 жилийг зарцуулдаг. Энэ хугацааны ердөө 0.5 хувьд нь (нэг зуун орчим) дэлхийгээс ажиглагдах хэмжээнд ойртдог гэж судлаачид үзэж байна.
Далайн вангаас цаана орших Куйперын Бүслүүрт ижил төстэй олон зуун ийм биет байж болзошгүйг энэ нээлт харуулж байгааг Чэн тайлбарлажээ.
Хориод жилийн өмнө Куйперын Бүслүүрт дэлхийгээс арав дахин том гараг нуугдаж байж болзошгүй гэсэн таамгийг одон орон судлаачид дэвшүүлж, хараахан нээгдээгүй энэ сансрын биетийг “ес дэх гараг” гэж нэрлэж байв.
Үүнийг бас “Planet X” гэж нэрлэсэн нь Далайн вангаас цаана орших нууцлаг ертөнцийн талаар зуу гаруй жилийн өмнө дэвшүүлсэн онолоос үүдэлтэй нэр юм.
1930 онд энэ гарагийг хайж байсан одон орончид Дэлхийн ван гарагийг илрүүлж, нарны аймгийн ес дэх гарагаар зарлаж байжээ.
Гэвч уг гараг хэтэрхий жижиг, бүр сарнаас ч жижиг болох нь батлагдсан тул 2006 оноос хойш одой гараг ангилалд шилжсэн юм.
Одоогоор Куйперын Бүслүүрээс илэрч, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн одой гараг бий. 2017 OF201 биет тэдний араас тав дахь нь болно гэж Чэн үзэж байна.
Шинэ одой гарагийн тойрог замыг загварчлах явцад энэ нь “Ес дэх гараг”-ийн таамгийн үндэс болсон онолоос зөрж байгааг тогтоожээ.
Тиймээс нууцлаг аварга гараг нарны аймгийн захад оршдог гэсэн таамгийг бүдгэрүүлж байгаа гэнэ.
Гэхдээ үүнийг батлахын тулд илүү их судалгаа хэрэгтэй бөгөөд энэ онд Чили улсад нээгдэх Vera Rubin Observatory телескоп үүнд тус болох юм байна.
“Бид өнөөдөр бараг нарны аймгийн хил хязгаар хүртэл харах чадвартай аварга том телескопуудын эрин үед амьдарч байна. Гэсэн ч бидэнд мэдэгдээгүй зүйлс олон байна” гэж Чэн хэлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!