Хятадын парапланчин санамсаргүй тохиолдлоор далайн түвшнээс 8,500 метрийн өндөрт хөөрснийхөө дараа амьд үлдсэнийг тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
Бямба гарагт баруун хойд Хятадын Чилиан уулсын бүсэд далайн түвшнээс 3,000 метрийн өндөрт шинэ нисэх төхөөрөмж туршиж байсан 55 настай Пэн Южяныг “үүл сорох” гэгддэг агаарын урсгалын ховор үзэгдэл 5,000 метрийн өндөрт хөөргөсөн юм байна.
Энэ үйл явдлыг түүний параплан төхөөрөмж дээр суурилагдсан камер баримтжуулсныг сүүлд Хятадын сошиал сүлжээнд нийтэлжээ.
Уг дүрс бичлэгт нүүр, бие нь мөсөөр хучигдсан Пэнийг харуулсан байна.
“Аймшигтай байлаа. Бүх зүйл цагаан харагдаж байсан. Луужингүй бол би хаана яваагаа мэдэж чадахгүй байх байсан. Өөрийгөө шулуун чиглэлд нисэж байгаа гэж бодсон ч үнэндээ нэг газартаа эргэлдэж байсан юм байна лээ” гэж тэр Хятадын хэвлэлд ярьжээ.
Эверестийн 8,849 метрийн оргилоос арай нам ийм өндөрт агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага байдаг. Тиймээс Пэн үхлийн ирмэгт тулаад амьд үлдсэн гэсэн үг юм.
Ийм өндөрт агаарын температур Цельсийн -40 хэм орчим байдаг.
Парапланаар дөрвөн жил хичээллэж буй Пэн газарт буух үедээ ухаан алдсан байсан гэнэ.
Хятадын эрх баригчид болсон явдлын мөрөөр шалгаж, зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн Пэнийг зургаан сарын хоригоор шийтгэсэн байна.
Гэхдээ тэр тухайн үед нисэх төлөвлөгөөгүй, шинэ төхөөрөмжийг газар дээр туршиж байсан ч гэнэтийн хүчтэй салхи хөөргөсөн гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
|