"Улаанбаатарыг 14 хоттой болгох гэж байгаа Х.Нямбаатарын галзуурлыг Үндсэн хуулийн цэц зогсоох хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотыг 14 хот болгохтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар иргэн Д.Үүрцайх, Т.Золбоот, Ц.Лут-Очир нар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Иргэн Д.Үүрцайх "Үндсэн хуульд тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх нь зөвхөн иргэдийн төлөөлөгч, нутгийн өөрөө удирдах байгууллагад олгогдсон эрх юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн удирдлага, иргэдийн хурлын зарим бүрэн эрхийг хот тосгоны захиргаанд шилжүүлж болно гэх заалт оруулсан. Түүнийг хэрэгжүүлж байгаа нэрээр Иргэдийн хурлыг байхгүй болгож байна. 

Үүнээс үүдэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль явуулж, шалгарсан хүмүүсийг цалинжуулан, заал танхимд хуралдах нь утгагүй болж байгаагаас гадна иргэд өөрсдөө орон нутгийнхаа асуудлыг бие даан хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй болгож байгаа юм. 

Энэ бол хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын санаачилсан ажил. Тус Хот тосгоны тухай хуулиар нийслэлд бүх хотуудын эрх мэдлийг төвлөрүүлж байгааг эрх мэдлийг задалж байна гэж худлаа яриад байна. Х.Нямбаатарын галзуурлыг Үндсэн хуулийн цэц зогсоох хэрэгтэй байна. 

Улаанбаатарыг 14 хотод хуваачхаар эдэлбэр газаргүй, хүн амгүй болно. Тэнд хэн төрийн удирдлагыг хэрэгжүүлэх юм. Гаргасан хэм хэмжээнүүд нь хоорондоо зөрчилдвөл яах юм бэ? Үүнээс өмнө нь энэ талаар олон хэлсэн ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байж байтал бөөнд нь баталчихлаа" гэв. 

Иргэн Т.Золбоот "Энэ хууль нь Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна. Тавин долдугаар зүйл. 1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн байдаг. Иргэдээс санал авсан юм уу?" гэв. 

"Орлогогүй дүүргүүд хот болохоор тус бүсийн иргэд нийгмийн үйлчилгээгээ авч чадахгүй болно"

Иргэн Ц.Лут-Очир "Жишээ нь Баянхошуу, Толгойт тусдаа хот боллоо гэж бодоход тэр хотын орлого нь юу байх юм бэ? Яг үнэндээ тус бүсүүдэд томоохон бизнес эрхэлдэг ААН байхгүй. Орлогогүй л байгаа шүү дээ. Хотуудад хуваачхаар тохижилт үйлчилгээнийхээ ч зардлыг ч дийлэхгүй болно. Иргэд нийгмийн үйлчилгээ авч чадахгүй болно гэсэн үг. Тэр хотын хүмүүсийн амьдрал сайжрахгүй харин ч улам дордож их зардал гарна. 

Нэг ёсондоо баян ядуугийн ялгааг улам нэмэгдүүлнэ. Өндөр орлоготой Зайсангийн дүүрэг орлогоосоо бусад дүүргүүддээ хуваарилахгүй болно. Ингээд ирэхээр Зайсан зэрэг газрууд улам л баячуудын дүүрэг болж нөгөө хэсэгт нь ядуусын хороололтой болох нь. Нийгмийн талцал үүсэж бие биеийгээ үзэн яддаг дүүргүүдэд хуваагдана. 

Х.Нямбаатар зардал хэмнэнэ гэж ярьж байгаа ч амьдрал дээр тэгж хэрэгжихгүй улам зардалтай. Баян нь улам баяжиж ядуу нь улам хоосорно" гэв.