Гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас өнөөдөр мэдээллээ.
Нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг танилцуулсан юм.
Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 6-ны байдлаар нийт 2,155 удаагийн гамшиг аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн. Үүний улмаас 80 хүн амь насаа алдаж, 54 хүн бэртэж, урьдчилсан байдлаар 23.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Аюулт үзэгдэл, ослын хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 17,545 аврагч, 3,898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 765 хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Мөн 184 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлж авран хамгаалж, ажилласан гэх тоон мэдээлэл байгаа.
Бүртгэгдсэн аюулт үзэгдэл, гамшиг ослын дийлэнх хувийг гал түймэр эзэлж байна.
Тодруулбал өнгөрсөн хугацаанд 1,859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Үүний 1,774 нь объектын гал түймэр байгаа бол 85 нь ой хээрийн түймэр.
Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биологийн гаралтай аюулт үзэгдэл 73 хувь, газар хөдлөлт 24 хувь, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 75 хувь, төөрсөн сураггүй болсон тохиолдол 61 хувь, цас шаварт суусан тохиолдол 76 хувиар эхний таван сард буурсан үзүүлэлттэй.
Харин объектын гал түймрийн тохиолдол 45 хувь, ой хээрийн гал түймэр 49 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас учирсан хохирол, амь насаа алдсан иргэдийн 40 хувийг зам тээврийн осол, 33 хувийг объектын гал түймэр, 13 хувийг төөрсөн сураггүй болсон, бусад осол есөн хувь, өндрөөс унах гурван хувийг, усны осол хоёр хувийг тус тус эзэлж байгаа юм.
Дээрх тоон мэдээллээс харахад сүүлийн жилүүдэд уур амьсгал, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор
Өнгөрсөн өдрүүдэд баруун аймгуудын нутаг болон Архангай, Завханы чиглэлд нойтон цас их хэмжээгээр орж, зам даваа хаагдах, цасанд суух, төөрөх тохиолдлууд бүртгэгдсэн.
Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, аливаа гамшиг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүн бүрийн оролцоо маш чухал.
Бүртгэгдэж байгаа ой хээрийн түймэр, түүнийг унтраах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас авахыг хүсэж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө суманд ойн түймэр бүртгэгдэж Онцгой байдлын байгууллага болон тухайн аймаг, орон нутгийн, сумын мэргэжлийн анги, иргэд, сайн дурын хэсгийнхэн хамтран галыг унтраахаар ажиллаж байгаа. Байгалийн бартаа ихтэй, нэлээд алслагдмал газар учраас унтраах үйл ажиллагааг удаашралтай явж байна.
Гол нь бодит мэдээллийг өгөхгүй бол түймрийг нууж, дарж байна гэх бодит бус мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна.
Гарч байгаа түймрийг нууна, дарагдуулна гэдэг ийм ойлголт байхгүй.
Жишээлбэл Ерөө сумын түймэрт нэг талыг нь цурамд оруулаад тархаж байгаа бусад чиглэл рүү нь хязгаарлах арга хэмжээг дор бүрнээ аваад ажиллаж байгаа. Аливаа бодит мэдээллийг албаны эх сурвалж, мэргэжлийн байгууллагаас тодруулахыг зөвлөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|