Тесла компанийн борлуулалт Европ даяар үргэлжлэн унажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн өнгөрсөн сарын борлуулалт Европын олон оронд огцом унажээ.

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн үйл ажиллагаа үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм.

Тэрбээр Герман, Их Британийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдож, тэдгээр улсуудын хэт барууны үзэлтэй улс төрчдийг ил тод дэмжиж байв.

Дөрөвдүгээр сард Их Британийн зах зээлд Теслагийн борлуулалт 62 хувиар унасныг тус улсын автомашин худалдааны салбарын SMMT байгууллагаас мэдээлжээ.

Уг нь өнгөрсөн сард Британийн зах зээлд нийт цахилгаан автомашины борлуулалтын хэмжээ 8 хувиар өссөн юм байна.

Түүнчлэн Дани улсад 67, Нидерландад 74, Португалид 33, Шведэд 81 хувь, Францын зах зээлд 59 хувиар тус тус унасныг холбогдох байгууллагуудын тайлан харуулжээ.

Шинжээчид Теслагийн уналтыг зөвхөн Илон Маскийн нэр хүндээс болоогүй гэж үзэж байна.

Тухайлбал бусад үйлдвэрлэгчдийн, ялангуяа Хятадын BYD компанийн өрсөлдөөн үүнд бас нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Энэ оны нэгдүгээр улиралд Теслагийн борлуулалтын хэмжээ нийт Европын зах зээлд 36 хувиар унаж байсан юм.

Ижил хугацаанд нийт цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт энэ зах зээлд 24 хувиар нэмэгдэж байжээ.

Зарим шинжээчид Теслагийн уналтыг энэ оны турш үргэлжилж болзошгүй гэж үзэж байна.

“Товчхондоо 2025 оны хоёрдугаар улирал нэгдүгээр улиралтайгаа адил Теслагийн хувьд гамшигт улирал болох дүр зураг харагдаж байна” гэж GLJ Research компанийн шинжээч Гордон Жонсон дүгнэжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг